Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ 6 жилийн хугацаатай томилдог. Үүний дагуу парламентаас 2019.11.22-нд томилогдсон Б.Лхагвасүрэнгийн төв банкны ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2025.11.21-нд дуусна. Түүнийг тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор чуулганд нэр дэвшигчийн сонсгол хийн, томилж байв. Тиймээс ч Монголбанкны ерөнхийлөгч болох гэсэн хүмүүсийн амбийц хөдөлж, тэр албан тушаалд өөрийн хүнээ тавих гэсэн эрх мэдэлтнүүд УИХ-ын даргын суудал эзэнтэй болохыг хүлээж байна. Тэр суудалд тухлах магадлалтай хүмүүсийг ч ээрээд эхэлжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн улирахыг хүсэж байгаа бол дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар төв банкийг тэргүүлэхээр горилж байгаа гэх мэдээлэл байна.
Б.ЛХАГВАСҮРЭН:

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах оролдлого 2022 оны 9 дүгээр сард гарахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрх баригч намын даргын хувьд Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулахгүй. Хүн солиод асуудал дээрдэхгүй. Гишүүдийн өрөөгөөр “Би Монголбанкны ерөнхийлөгч болно” гэж яриад байгаа нөхдөд хатуу анхааруулъя, аятайхан байгаарай” гэснээр уг асуудал намжсан юм. Харин Л.Оюун-Эрдэнийг огцруулах тухай асуудал сөхөгдөж эхэлснээр Б.Лхагвасүрэнг хамт явуулах гэсэн санаархал дахин цухалзах болсон.
Уг нь Бядрангийн Лхагвасүрэнд дахин 1 удаа хугацаагаа сунгуулах боломж бий. Түүнийг төв банкны ерөнхийлөгчөөр улиран ажиллах уу, орны хүндээ тамгаа өгөөд, хамт зургаа авахуулах уу гэдгийг УИХ-ын дарга шийднэ. Гэхдээ шийдэх хүн нь одоогоор алга. УИХ өөрөө даргагүй байгаа. МАН-ын даргаар 3 хоногийн өмнө сонгогдсон Н.Учрал энэ 7 хоногтоо УИХ-ын дарга болж таарна. Түүний дараа л Б.Лхагвасүрэнгийн тавилан шийдэгдэх нь.
Б.Лхагвасүрэн хэрвээ улирвал Монголбанкны түүхэнд бичигдэнэ. Учир нь 1991 онд 2 шатлалт банкны тогтолцоонд Монгол Улс шилжсэнээс хойш төв банкны ерөнхийлөгч нар дунджаар 3.7 жил ажиллажээ. Юун 6 жил. Бүрэн эрхийн хугацаагаа бүтэн дуусгасан хүн энэ банкны түүхэнд ердөө 2 байгаа нь О.Чулуунбат, Б.Лхагвасүрэн нар. Төв банкийг тэргүүлсэн 9 хүний 1-ийг нь УИХ үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн гэдэг үндэслэлээр чөлөөлсөн бол 7 нь хугацаанаасаа өмнө халагдах өргөдлөө өгчээ.
Олон улсад нэр хүндтэй “Global Finance” сэтгүүл 2025 оны “Central Banker Report Cards” тайлангаар шилдэгт багтсан төв банкны тэргүүнүүдэд үнэлгээний батламж гардуулдаг. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уг тайлангаар “А-” үнэлгээ авч, Дэлхийн шилдэг төв банкны удирдлагын нэгээр шалгарсан юм. Дэлхийд ийн ажлаа үнэлүүлсэн Б.Лхагвасүрэн улирахыг хүсэх нь аргагүй ч юм уу.
Г.ЭНХТАЙВАН:

Монголбанкны дэд ерөнхийлөгч Ганболдын Энхтайваныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тэргүүтэй зарим гишүүн төв банкны тэргүүн болгохоор дэмжиж байна. Үүнийгээ ч ил цагаан илэрхийлсэн. УИХ-ын ЭЗБХ-ны 2025.04.01-ны хурлын үеэр тус хорооны дарга Р.Сэддорж, гишүүн Н.Батсүмбэрэл нар түүнийг Монголбанкны ерөнхийлөгч болохыг ерөөсөн юм.
Тэр 2007 оноос Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж эхлээд, 2011 онд Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар томилогдоход, ГХЯ-нд Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн, Эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааны хэлтсийн атташе болжээ. Г.Занданшатарыг тус яамнаас явахад, Г.Энхтайван Англид очиж, “Bank of America Merrill Lynch” байгууллагын шинжээчээр 2 жил ажилласан байна. Дараа нь 2015 онд буцан ирж, Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпорац, Монголын үндэсний давхар даатгалын корпорацад ажиллаж байгаад, Г.Занданшатарыг УИХ-ын дарга болон дэвшихэд, 2020 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон байна.
УИХ-ын дарга байхдаа төв банкинд Г.Занданшатарын авчирсан Б.Лхагвасүрэн, Г.Энхтайван нар 5 жил гар нийлэн ажиллаж буйн учир ийм. Харин одоо МАН-ын дарга болж чадаагүй Г.Занданшатар Ерөнхий сайдын байр сууринаас хүмүүсээ авч үлдэж чадах болов уу?
Ч.ХҮРЭЛБААТАР:

Санхүү, эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Түлш, эрчим хүчний сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, ЗГХЭГ-ын дарга байсан, Сангийн сайдаар 2 удаа томилогдсон, УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдсон, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар 3 удаа ажилласан Чимэдийн Хүрэлбаатар одоо Монголбанкны ерөнхийлөгч болохыг хүсэж яваа сураг гараад удав. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад эдийн засгийн зөвлөхөөр нь ажиллаж эхлээд, улс төртэй эгнэгт холбогдсон цагаас хойш Ч.Хүрэлбаатар албан тушаалын шатаар байнга өгссөн. УИХ-ын дарга, Ерөнхий сайд л хийсэнгүй. Бусад бүх албан тушаалыг хашсан энэ хүнд Монгол Улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломж хангалттай байлаа. Гэвч одоо түүний бий болголцсон улс ямар байгааг хар. Эдийн засагч хүний элэг эмтэрмээр дээ.
Монголбанк, Засгийн газар хоёр бол нэг нэгнээсээ холхон байх учиртай инститүц. Засгийн газарт насаараа өндөр албан тушаал хашиж явсан хүнийг төв банкны тэргүүнээр тавьж болохгүй. Мөнгө хэвлэхийг үргэлж хүсдэг Засгийн газар, мөнгө хэвлэхийг ямагт эсэргүүцдэг Монголбанк 2 бол мөнгө гэдэг нэгэн биений 2 тал. Энэ 2 тал нэгдчихвэл төгрөг тоогоор биш, кг-аар хэмжигддэг болох аюултай. Ч.Хүрэлбаатар Монголбанкны ерөнхийлөгч болбол мөнгө хэвлээд эхлэхийг үгүй гэх аргагүй. Тэгээд ч УИХ, Засгийн газрын зөөлөн олбог дээр хөлбөрч явсан хүмүүсийн сонгуульд өвдөг шороодоод хоргоддог байр нь Монголбанк байж таарахгүй. МАН түүнд өртэй байж мэдэх ч Монголбанк, төгрөг хоёр өргүй.
Б.БАТДАВАА:

Үндэсний статистикийн хорооны дарга Батмөнхийн Батдаваа насаараа Монголбанкинд ажилласан хүн. Тайванийн Минг Чуаны их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр 2007 онд төгсөж ирээд, Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газарт нягтлан бодогчоор ажиллаж эхэлснээс хойш эдийн засагч, дилер хийж байгаад, 2016 оноос хэлтсийн захирал болж дэвшжээ. 2019-2021 онд газрын захирлаар ажиллаж байгаад, 2021 онд ҮСХ-ны даргаар томилогдсон байна. ҮСХ-ны даргыг УИХ-ын даргын санал болгосноор парламент 6 жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу түүнийг тус хорооны даргаар томилуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгож, томилуулжээ.
Сонирхолтой нь энэ хүн эхнэртэйгээ хамт “Нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудагдаж, гэрээс нь 250 мянган ам.доллар олдсон удаатай. АТГ, ЭЦА 2022 онд Тавантолгой ордоос Хятад руу нүүрс тээвэрлэдэг компани, уг үйл ажиллагаанд оролцдог албан тушаалтнуудыг шалгасан. Энэ шалгалтын хүрээнд Б.Батдаваагийн гэрт хийсэн нэгжлэгээр 250 мянган ам доллар олдсон ч тэр “250 мянган ам.доллар тийм их мөнгө биш. Тухайн үед хадгаламжаасаа мөнгө аваад шилжүүлэг хийх гээд солиулж байсан мөнгө. Тэр дүнг өсгөж ярьсан байна лээ. Ямар нэг зөрчилгүй мөнгө” гэж тайлбарласан юм.
Түүний эхнэр Цэрэнпүрэвийн Амгалан Сингапурын хөрөнгө оруулалттай “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-иараа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс”, “Эко глобал ложистик”, “Шанхын хэц”, “Алтан нууц”, “Цэцийгуа”, “Дэлгэрэхцагаан-Овоо”, “Аранзал-Алаг” ХХК-иуд Хонконгийн хөрөнгийн биржид буртгэлтай “E-Commodities Holding Private Limited” (HK1733) компанийн охин компани. Эдгээр компани төрийн эрх бүхий байгууллагаас авсан зөвшөөрлийн дагуу Монголоос Хятад руу нүүрс тээвэрлэдэг аж.
Үүнтэй холбоотойгоор Б.Батдаваа төв банкийг тэргүүлэх боломжоо алдаж, горилогчдын өрсөлдөөнөөс хасагдах янзтай. УИХ-ын дарга солигдож, шинэ хүн ирнэ. Түүний цээжинд нүүрстэй нэр холбогдсон хүн байх болмжгүй л болов уу даа.
