Монгол төрийг намын савраас салгах боломж 126-д байна


УИХ-ын даргаар хэнийг тавихаа МАН шийднэ хэмээн Н.Учрал, Ж.Батжаргал нар том дуугарлаа. Тийм ч байж болно. Бас үгүй ч байж болно. Хэнээр даргалуулахаа УИХ өөрөө шийддэг байвал сайн сан. Халдашгүй дархан эрхтэй гэж цагдаа, шүүхийн өмнө пээдийдэг атлаа намын өмнө бөхийдөг гишүүд тэр гайхамшигтай бүрэн эрхээ үүн дээр л үзүүлэх хэрэгтэй дээ.

Уг нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Үндсэн хуульд ингэж бичсэн байгаа. Энэ байгууллага уул нь гүйцэтгэх засаглалаа чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ сайд болохын тулд УИХ-ын гишүүд үнэт зүйлээ ч гээхээс айлгүй гүйлддэг болохоор УИХ-аасаа Засгийн газар нь том. Энэ 2 байгууллагын удирдлагыг томилдог, гишүүдийг нь баздаг нам тэгэхээр хамаг бүдүүн дарга.

УИХ үнэндээ МАН-ын Хуулийн хэлтэс, Засгийн газар бодит байдал дээр МАН-ын Санхүүгийн хэлтэс болсон. УИХ-ын дарга гэдэг албан тушаалаар Д.Амарбаясгалан дэнчин тавиад, МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд орсон нь үүнийг гэрчилнэ. УИХ-ын даргын тамганаас МАН-ын даргын тамга хүчтэй байна. Тиймээс Д.Амарбаясгалан атгаж байгаа тамгаа чамлаж, намынхаа тамгыг нэмж атгахаар улайрсан. Г.Занданшатар ч тэр. Ерөнхий сайдын тамганаас намынх нь тамга илүү жинтэй байсан учраас тэр МАН-ын даргын өрсөлдөөнд орсон. Энэ өрсөлдөөнд тэд ялаагүй. Н.Учрал хожсон.

УИХ үнэндээ МАН-ын Хуулийн хэлтэс, Засгийн газар бодит байдал дээр МАН-ын Санхүүгийн хэлтэс болсон

Энэ өрсөлдөөний эцсийн ялагч нь Монголын ард түмэн, Монголын төр, Монгол Улс болох алтан боломж гарч ирлээ. Одоо намын тамганаас төрийн тамга хүчтэй болох ёстой.

1990-1992 онд Р.Гончигдоржийг УИХ-ын дарга байхад, Б.Даш-Ёндон 1991-1996 онд МАН-ын дарга, П.Жасрай 1992-1996 онд Ерөнхий сайд байв. Н.Багабанди 1992-1996 онд УИХ-ын даргаар сонгогдов. Энэ үед төр, засаг аль аль нь намаас ангид байжээ. Коммунизмаас ардчилалд шилжихдээ Монгол Улс тогтолцоогоо зөв тавьж, төр, засаг, намынхаа эрэмбэ, байр суурийг зөв эрэмбэлсэн байжээ.

1996 онд АН сонгуульд ялснаар Р.Гончигдорж 1996-2000 онд УИХ-ын даргаар тогтвортой ажилласаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан бол М.Энхсайханыг Ерөнхий сайдын албаа авснаас хойш 1 жил 278 хоногийн дараа огцруулжээ. Түүнийг огцруулсан хүмүүс нь ардчиллынхан өөрсдөө байв. Шалтгаан нь сонгуульд намаа ялуулсан дарга нь засгаа тэргүүлж, бодлогоо хэрэгжүүлэх ёстой гэсэн үзлээс үүдэлтэй.

Яг энэ үеэс Монгол төрийн дээр нам заларч, нам гэх ТББ-ын тамга төр, засгийн тамганаас үнэтэй, хүчтэй болжээ. Үүнийг Э.Бат-Үүл эдүгээ санаа алдан дурсаж, туршлагагүй залуу ардчилагчдын алдааг одоо засах цаг ирснийг сануулж байна. Э.Бат-Үүл “Манай намын Улстөрийн зөвлөл, МАН, ХҮН-ын Удирдах зөвлөл бол коммунист намуудын Улстөрийн товчоо гээчийн үр төлүүд юм” гэж чин үнэнийг шулуухан хэлэв.

Сонгуульд ялсан намын дарга нь шагнал болгож, засгийн эрхийг авдаг гажуудлыг АН бий болгосон бол нам, төрийг хослон барих коммунист тогтолцоогоо МАН ийн сэргээжээ

М.Энхсайханыг огцруулаад, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон ч 230 хоноод огцорч, Ж.Наранцацралт халааг нь аван, 225 хоноод, Н.Туяад шилжүүлсэн. 8 хоног үүрэг гүйцэтгэсэн Н.Туяагаас Р.Амаржаргал Ерөнхий сайдын тамгыг авч, дараагийн сонгууль хүргэсэн байдаг. Хэвийн зүйлийг алдагдуулсныхаа төлөөсийг ардчилагчид өөрсдөө амссан нь тэр.

Н.Энхбаяр 1997-2005 онд МАН-ын дарга болов. 2000 онд сонгуульд ялсан МАН Н.Энхбаярыг Ерөнхий сайд болгож, нам, засгийг хослон барих АН-ын санаачилгыг үргэлжлүүллээ. 2004 онд Ерөнхий сайдын тамгаа Ц.Элбэгдоржид шилжүүлээд, Н.Энхбаяр 2004-2005 онд УИХ-ын даргын тамгыг намынхаа тамгатай хослуулан барьжээ. Намын дарга нь парламентын даргын давхар суудалтай болох гажуудал энэ үеэс эхлэлтэй. Сонгуульд ялсан намын дарга нь шагнал болгож, засгийн эрхийг авдаг гажуудлыг АН бий болгосон бол нам, төрийг хослон барих коммунист тогтолцоогоо МАН ийн сэргээжээ. Түүнээс хойш энэ гажуудал ам бөхтэй оршиж байна.

Үүнийг засах боломж энэ парламентад байна. Юуны төлөө 126-уулаа болсноо, хэний төлөө зүтгэх тангараг өргөснөө бодон, намын доор орсон хөөрхий УИХ-аа тээр доороос татан гаргаж ирэх үүрэг энэ парламентад оногдож байна. Аливаа намын даргыг УИХ-ын даргаар тавьдаг явдлыг халах АН-ын бүлгийн санаачилгыг 126-уулаа дэмжих хэрэгтэй. Нам, засгийн доор орчихсон парламентаа дээр нь гаргаж ирэх боломжийг бүү алдаарай даа.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *