Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи “Хэрэв Хятад улс Тайвань руу дайрвал Япон улс цэргийн хүчээр хариу барина” гэж 11-р сарын 7-нд ноцтой мэдэгдэл хийсний дараа хоёр улсын төрийн дээд эрхмүүд шоконд орж, Хятад болон Япон улсын харилцаа хурцадсан билээ. Хятадын төрийн дээд албан тушаалтнууд Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигээс энэ мэдэгдлээ буцаахыг шаардаж, Хятадын засгийн газар Японы Элчин сайдыг дуудан уулзаж байв. Мөн Хятад улс хэдхэн хоногийн өмнө Японоос авдаг далайн хүнсний импортод бүрэн хориг тавьсан юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр G20 бүлгийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт боллоо. G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтаас буцаж ирсэн Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнөөдөр “Бид Хятад-Японы хооронд үүсээд буй асуудлыг намжааж, Хятад улстай ойлголцол болон хамтын ажиллагаагаа сэргээх нь зөв гэж бодсон. G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр надад Хятадын Ерөнхий сайд Ли Чянтай ярилцах боломж олдсонгүй. Япон улс Хятадтай олон сэдвээр уулзаж, ярилцахад бэлэн” гэж мэдэгджээ.
