Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” зах хавар, Увсын “Шинэ Улаангом” зах өвөл шатлаа. Эдгээр зах бол орон нутгийн өмч. Татвар төлөгчдийн мөнгөөр байгуулсан 2 зах ганцхан жилд 7 сарын зайтай шатсан нь орон нутгийн өмчид эзэн байхгүй байгаагийн илрэл. Хэн нэг бизнесмэн байгуулаагүй, орон нутгийн төсвөөс мөнгийг нь гаргаж байгуулсан, орон нутгийн өмчид бүртгэлтэй ийм зах манай улсад 10 бий. Аймгуудын ЗДТГ-ын Орон нутгийн өмчийн газар захуудаа иргэдэд түрээсэлж, орлого олдог. Зах бол хамгийн орлоготой, ашигтай бизнес. 11 аймаг өөрсдөө зах байгуулалгүй, хувийн компаниуд зах барин ажиллуулж болоод байна. Зарим аймаг бүр 2-3 захтай. Бүгд хувийнх.
Увсын “Шинэ Улаангом” зах 282 түрээслэгчтэй. Тэд хохирлыг нь барагдуулахыг орон нутгаас шаардаж эхэллээ. “Шинэ Мөрөн” зах шатахад 260 түрээслэгчийн хохирлыг Засгийн газар барагдуулж, нөөц хөрөнгөөсөө 5.2 тэрбум төгрөг гаргаж өгсөн юм. Үүнийг увсынхан сануулж, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Анхбаяр “Хөвсгөлийн асуудлыг шийдсэн жишгээрээ хохирогчдод нөхөн олговор олгох ёстой. Хөвсгөлийнхөн засгийн өврөөс нь унаад, увсынхан араас нь унасан гэж бодохгүй байна” гэж барьцав.
Хүн хохироосон бол барагдуулах нь мэдээж. Гэхдээ төр, орон нутгийн өмчийг хариуцах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээдүүд зах нь шатсан явдалд ямар хариуцлага хүлээв? Шатчихлаа гээд Засгийн газраас мөнгө нэхэн, хохирлоо гээд төрөөс мөнгө гаргуулж, өөрсдөө ямар ч гэмгүй царайлан, харин ч хохирол барагдуулагч баатрын дүрд тоглож явна. “Шинэ Мөрөн” зах яагаад шатсаныг, хэн буруутайг одоо болтол олон нийтэд зарласангүй. Орон нутгийн өмчит компаниудын хөрөнгийг хариуцах эзэд уг нь гүйцэтгэх захирал, аймгийн ИТХ. “Шинэ Мөрөн худалдааны төв” ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирал нь Б.Баярмагнай. Тус аймгийн ИТХ-ын дарга нь Д.Пүрэвдорж. Тэднээс хариуцлага нэхэх учиртай.
Орон нутгийн өмчийг хариуцах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээдүүд зах нь шатсан явдалд ямар хариуцлага хүлээв?
Хөвсгөл аймгийн ИТХ 2017 онд “Шинэ Мөрөн худалдааны төв” ОНӨХХК-ийг байгуулан, 6048 ам метр талбайтай “Шинэ Мөрөн” захыг сэндвичээр барьж, 2018 онд ашиглалтад оруулжээ. 3713.67 ам метр ашигтай талбайдаа 270 лангуу гаргаж, бөөний төв, цайны газар, үсчин, гоо сайхны цэг, ломбард, гаднаа 10 павильон ажиллуулдаг байлаа.
2021 оны аудитын тайлангаас үзвэл эл зах 443.2 сая төгрөгийн орлого олж, 528.9 сая төгрөгийн зардал гарган, 85.7 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тэгвэл 2024 онд аудиторууд тус захын бараа материалын үлдэгдлийг биечлэн тоолоход 5 нэр төрлийн 82 сая 630 мянган төгрөгийн бараа агуулахад нь байхгүй байжээ. ТУЗ нь 2024.11.27-нд чөлөөлөгдсөн гүйцэтгэх захиралдаа 14 сая 256 мянган төгрөгийн тэтгэмжийг хууль зөрчин, нотлох баримтгүйгээр олгосныг аудитын шалгалтаар илрүүлжээ. Тус аймгийн ИТХ, “Шинэ Мөрөн”-гийн ТУЗ нь компанийнхаа данснаас 123 сая 870 мянган төгрөг гаргаж, улсын төсвийн байгууллагууд, ахмадын хороонд үнэ төлбөргүй өгсөн байна.
19.6 сая төгрөгөөр худалдаж авсан суудлын машиныг нь тус аймгийн ИТХ-ын дарга А/83 дугаартай захирамж гарган, Ажлын албандаа шилжүүлэн авчээ. Энэ бол “Шинэ Мөрөн” компанийн захирлын эрхэнд халдсан, байгууллагын үр ашгийг бууруулсан үйлдэл гэж тус аймгийн Төрийн аудитын газар дүгнэжээ. Үүнээс харвал “Шинэ Мөрөн” зах бол тус аймгийн ИТХ, ТУЗ-ийн түрийвч болж хувирсан аж. Тэд дуртай үедээ тус захын данснаас мөнгө гаргуулж, хүссэн хүндээ өгдөг юм байна. Энэ бол орон нутгийн өмч хэнийх ч биш болохыг, орон нутгийн иргэдийн өмнөөс уг өмчийг манах үүрэгтэй ИТХ хүртэл өөрөөсөө шамшигдуулж байгааг харууллаа.
“Шинэ Мөрөн”-гийн ТУЗ нь компанийнхаа данснаас 123 сая 870 мянган төгрөг гаргаж, улсын төсвийн байгууллагууд, ахмадын хороонд зүгээр өгсөн байна
Тус захын хувьцаа эзэмшигч нь аймгийн ИТХ. Гэвч ИТХ нь өмчдөө эзэн болдоггүй, үрэн таран хийдэг ажээ. Бараа материалын дансанд 141 сая 778.3 мянган төгрөгийн материал худалдан авч, 65 сая 721 мянган төгрөгийн материал зарцуулжээ. Үлдсэн бараа материал нь тус захын үйл ажиллагаанд ямар ч хэрэггүй эд аж. Үүний зэрэгцээ 3 сая 448.8 мянган төгрөгийн хөрөнгө акталжээ. Шахааны бизнес уг захад ч нүүрлэснийг, ядахдаа хэрэгтэй биш, хэрэггүй бараа шахсаныг эл баримт харуулав.
“Шинэ Мөрөн” захын ТУЗ-ийн бүрэлдэхүүн:
Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2024.12.18-ны 22 дугаар тогтоолоор “Шинэ мөрөн худалдааны төв” ОНӨХХК-ийн ТУЗ-ийг шинэчлэн томилжээ.
ТУЗ-ийн дарга Р.Машбат
ТУЗ-д төрийг төлөөлөх гишүүд:
- С.Энхзаяа – Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
- Б.Базардамбуу – Аймгийн Статистикийн хэлтсийн дарга
- Г.Базар – Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
ТУЗ-ийн хараат бус гишүүд:
- Н.Энх-Амгалан – Мөрөн сумын иргэн
- Э.Инжир – Мөрөн сумын иргэн
- Д.Бямбадалай – Мөрөн сумын иргэн
- Ч.Лонжид – Мөрөн сумын иргэн
- Д.Тулгаа – Мөрөн сумын иргэн
- Л.Баярдалай – Аймгийн ИТХ-ын Ажлын албаны нягтлан бодогч
ТУЗ-ийн гишүүнээр ажилласныхаа хөлсөнд сар бүр урамшуулал авдаг энэ хүмүүс захынхаа үйл ажиллагаа, аюулгүй байдлыг яаж хянасан болоод зах нь шатав? Хариуцсан зах нь шатчихаад байхад тэд яагаад хариуцлага хүлээсэнгүй вэ?
Энэ захын ТУЗ 2024 оны бизнес төлөвлөгөөг 233 сая 780 мянган төгрөгийн алдагдалтай баталсан байх юм. “Шинэ Мөрөн” бол компани. Компанийг ашиг олох зорилгоор байгуулдаг. Гэвч тус компанийн ТУЗ ашиг олохыг, компаниа ашигтай ажиллуулахыг хүсдэггүй ажээ. Төлөвлөгөөгөө алдагдалтай баталж, ашиг олбол ямар нэг байдлаар үрэн таран хийдэг юм байна. Зах алдагдалтай ажиллана гэж байх уу? Орон нутгийн өмч учраас л алдагдалтай ажилладаг байх. Ноднин 578 сая 421 мянган төгрөгийн орлого олохоор тооцсон ч 597 сая 439.5 мянган төгрөгийн орлого олж, төлөвлөгөө 3.2%-иар давсан байна. Зах юм чинь аргагүй л дээ. Гэвч олсон ашгаас илүүг үрчихсэн байх юм.
“Шинэ Мөрөн” компанийн ТУЗ төлөвлөгөөгөө алдагдалтай баталж, ашиг олбол ямар нэг байдлаар үрэн таран хийдэг юм байна
ТУЗ нь 2021 оны бизнес төлөвлөгөө батлахдаа алдагдлыг нэмсэн хэмээн Төрийн аудитын газраас баталгаажуулсан аудитын тайланд дүгнэжээ. ТУЗ-өөс баталсан 2024 оны бизнес төлөвлөгөөнд тусгасан тэтгэмжийн зардлыг 50 сая 210 мянган төгрөгөөр хэтрүүлж, гүйцэтгэх захирал нь 6 ажилтандаа 19 сая 639.2 мянган төгрөгийн тэтгэмж олгожээ. Тэгвэл ТУЗ нь захын гүйцэтгэх захирлыг ажлаас гарахад нь 14 сая 256 мянган төгрөгөөр шагнасан байна. Гэтэл аудитын дүгнэлтээр тэр захирал нь үр дүнгийн урамшуулал авах шаардлага хангаагүй нь илэрчээ. Ядах нь ээ, мөнгө олгосон баримт ч байхгүй аж. Ашиг олбол ингээд л үрчихдэг байх нь. “Шинэ Мөрөн” захын ТУЗ орон нутгийн өмчид хоноцын сэтгэлээр хандаж, МАН-ын хэдэн хүнийг ажилтай, нэмэлт орлоготой байлгах зориулалттай зах байсныг энэ дүгнэлт харуулна. 8 жил болоод шатах захыг орон нутгийн хөрөнгөөр барих явдлыг үүгээр эцэс болговол таарна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллээр манай улсад орон нутгийн өмчийн 5341 байгууллага байна. Үүний 4331 нь улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд.
Орон нутгийн өмчит хуулийн этгээд:
- Төсөвт байгууллага 3723
- ХК 13
- ХХК 67
- ТӨҮГ 324
- Сан, өрхийн эмнэлэг 204
Орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газар 521 байна. Эдгээр нь сан, ОНӨААТҮГ, ОНӨТҮГ, ОНХК, ОНХХК, ББХН, ЗБХН, ГҮТББ гэх мэтээр хуулийн маш олон статустай. Толгой эргэм энэ олон нэр томьёоноос болоод орон нутгийн өмч замбараагаа алдсаныг эдийн засагч А.Батпүрэв “Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ” хэлэлцүүлгийн үеэр тавьсан “Төрийн өмчит аж ахуйн нэгж: Хэний ч бишийн зовлон” илтгэлдээ онцолсон юм.
Хөвсгөл аймаг дахь орон нутгийн өмчит хуулийн этгээд:
- “Могойн гол” ХК захирал Ц.Баттогтох
- “Хөвсгөл эрчим хүч” ХХК захирал Г.Очирхуяг
- “Хөвсгөл-Ус суваг” ХХК захирал Ч.Батсүх
- “Шинэ Мөрөн худалдааны төв’ ХХК захирал Б.Баярмагнай
- “Хөдөөгийн шийдэл” ХХК захирал Б.Амарбаясах
- “Галт дулаан” ХХК захирал Д.Мөнх-Очир
- “Тариалан нийтийн ахуйн үйлчилгээний төв” ХХК захирал Д.Даваабаатар
- “Түнэл-Илч” ХХК захирал Г.Жадамба
- “Тэсийн-Илч” ХХК захирал А.Галбадрах
- “Шинэ-Идэр Эрдэнэт дулаан” ХХК захирал А.Баасанжав
- “Барилга захиалагчийн хяналтын төв” ААТҮГ захирал Б.Ганзориг
- “Урандөш хүүхдийн зуслан” ААТҮГ захирал Д.Бямбадалай
- “Их-Уул дулаан” ААТҮГ захирал Б.Цолмонбаатар
- “Тосон-Илч” ААТҮГ захирал Н.Даваахүрэл
Хөвсгөлд эзэнгүйдсэн, орон нутгийн өмчит энэ олон компанийн 1 нь Цэцэрлэг сумын Бүрхээр багт нүүрс олборлодог “Могойн гол” ХК. Уг компанийн 51%-ийг Хөвсгөл аймгийн ЗДТГ эзэмшдэг. 16.33%-ийг иргэн Ж.Батболд, 15%-ийг “Транс нефть” ХХК, 0.3%-ийг гадаадын иргэд, 17.37%-ийг дотоодын иргэд эзэмшдэг. Үйл ажиллагааны тайлангаа хувьцаа эзэмшигчдэд танилцуулдаггүй гэж тус компанийг шүүмжилдэг. 2021 оноос хойш хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг тараагаагүй энэ компани 17 тэрбум 813 сая төгрөгийн өрөнд орсон. 51%-ийг нь Хөвсгөл аймгийн ЗДТГ биш, хувийнхан эзэмшдэг байсан бол энэ компани иймдээ тулаа ч уу, үгүй ч үү. Орон нутагт өмч, хөрөнгө байх хэрэггүйг, байгаа нь эзэнгүйдсэнийг “Шинэ Мөрөн, “Могойн гол” нотолж байна.
