Өвчтөн нас барсанд түргэн тусламжийн 2 эмч буруугүй


Нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн их эмч Г.Х, Э.Н нар 103 дугаарт ирсэн яаралтай дуудлагын дагуу айлд очиж, эмчийн үзлэг хийгээд явсны дараа уг өвчтөний ар гэрийнхэн дахин түргэн дуудаж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023.12.23-нд хүргүүлэн, эмчлүүлж байгаад маргааш нь нас баржээ. Талийгаачийн ар гэрийнхэн үүнд Г.Х, Э.Н нарыг буруутган, өвчтөний биеийн болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэд үнэлээгүй, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй, цаг алдахад хүргэсэн хэмээн шүүхэд өгсөн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.02.17-нд, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025.06.04-нд уг гомдлыг хэлэлцээд, уг 2 эмчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэм буруутайд тооцон, яллажээ. Үүнийг Г.Х эсэргүүцэн, Улсын дээд шүүхэд хандсан аж. УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх 2025.10.15-нд уг хэргийг хянан хэлэлцээд, “Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэлээ.  

“Учир нь талийгаачийн ар гэрийнхэн 103-т хандахдаа “Хүн бөөлжиж, халуурсан” гэж хэлсэн аж. Энэ шинж тэмдэг нь яаралтай бус дуудлагад хамаардаг юм байна. Эмч өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн биеийн байдлыг нь асуумжид тулгуурлан тогтоож, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинжийг нь харгалзан, мэдлэг, дадлага, туршлагадаа үндэслэн зохих тусламж, үйлчилгээг үзүүлдэг.

2 тусдаа дуудлагын дагуу тус тусдаа ирсэн эмч нарыг уг өвчтөнд биечлэн үзлэг хийх үед өвчтөний амь тэнссэн буюу амь нас эрсдэх, амин эрхтний үйл ажиллагаа зогсох аюул шууд заналхийлж, эмнэлгийн сэхээн амьдруулах тусламжийг хойшлуулшгүйгээр 2-5 минутын дотор эхлэх шаардлага үүсээгүй байсан гэнэ. Иймд эхний эмч уг өвчтөнийг эмнэлэг рүү авч яваагүй.

Талийгаач, түүний ар гэрийнхэн түргэн тусламжийн эмчийн асуусан өвчний шалтгаан, зовуурийг оношлох зорилготой асуумжид үнэн зөв хариулаагүй, бодит зүйлийг нуусан. Үүний улмаас эмч хордлогын шалтгаант өвчнийг оношилж чадаагүй. Гэсэн ч их эмч Э.Н, Г.Х нар өвчтөнөөс авсан асуумжид тулгуурлан, өвчтөний биеийн байдлыг үнэлж, өвчний хам шинжийг тодорхойлон, ар гэрийнхэнд нь зөвлөгөө, заавар өгч, бөөлжилтийн эсрэг тариа хийх зэргээр үзлэгийг зохих ёсоор бүрэн хийсэн” хэмээн УДШ дүгнэжээ. Иймд тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгалаа.

Их эмч Г.Х ажлын ачааллаас болж, түргэн тусламжийн хуудсыг тухайн өдөртөө бичиж амжилгүй, нөхөн бүртгэжээ. Ингэхдээ үйлчлүүлэгчийн зовуурийг андуурч буруу бичсэн аж. Үүнийг шүүх ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бус, харин гүйцэтгэсэн ажлаа тайлагнах явцад гаргасан мэргэжлийн алдаа гэж үзэв. Уг алдаанд Хөдөлмөрийн болон бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэхийг ажил олгогч нь шийдэх ажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *