120 мянган айл өрх, үйлчилгээний газрын хяналтын камеруудад хууль бусаар нэвтэрч, бичлэгүүдийг нь гадаадын вэбсайтад бэлгийн мөлжлөгийн агуулгатайгаар зарж түгээсэн хэрэгт сэжиглэн, 4 этгээдийг 11-р сарын 30-ны ням гарагт Өмнөд Солонгост баривчилжээ. CCTV камерын арай хямд хувилбар IP камер нь ахуйн интернэтэд холбогддог тул хүмүүс гэрийнхээ аюулгүй байдлыг хангах, хүүхдийнхээ хөдөлгөөнийг хянах зорилгоор ашигладаг. Тус этгээдүүд IP камеруудын энгийн, амархан нууц үгийг нь ашиглан, нэвтэрсэн байна.
Тус этгээдүүдийн хакердсан камерууд хувийн орон сууцнаас гадна караоке, пилатесийн студи, эмэгтэйчүүдийн эмнэлэг зэрэг хувь хүний нууцад халдах өндөр эрсдэлтэй газруудад байрладаг аж.
Тус 4 этгээд нэг бүлэг биш. Бие биенээсээ тусдаа, бие дааж ажилладаг байсныг Өмнөд Солонгосын Цагдаагийн газар мэдээллээ. Нэг этгээд нь 63.000 камер хакердаж, 545 бичлэгийг бэлгийн мөлжлөг хэлбэрээр заран, 35 сая вон олжээ. Харин өөр нэг этгээд 70.000 камер хакердаж, 648 бичлэг заран, 18 сая вон олсон байна.
Өнгөрсөн жил айл өрх, албан байгууллагуудын IP камерыг хакердаж, гадаадын вэбсайт дээр байрлуулсан нийт бичлэгүүдийн 62%-ийг уг 2 этгээд дангаараа бүрдүүлжээ. БНСУ-ын Цагдаагийн газар IP камертай хувь хүн, айл өрх, албан байгууллагуудыг камерынхаа нууц үгийг нэн даруй солихыг сануулан, нууц үгээ ойр ойрхон сольж байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: BBC
