Малын индексжүүлсэн даатгалаас 22 мянган малчинд нөхөн олговор олгож байжээ


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцлээ. Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

Даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор сум бүрээр тогтоосон 1 дүгээр босго үзүүлэлтийг 5 хувь, 2 дугаар босго үзүүлэлтийг 30 хувь байхаар тогтоож, Засгийн газар босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоохдоо нэгдүгээр босго үзүүлэлтийг нэг хувиар, хоёрдугаар босго үзүүлэлтийг тав хүртэл хувиар нэмэгдүүлж, эсхүл бууруулж тогтоож болох тухай яригдаж байгаа юм.

Малын индексжүүлсэн даатгалыг албан журмын даатгал болгох шаардлагагүй хэмээн ажлын хэсэг үзэж, малчид руу хандсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээлүүд олгон дэмжиж байгаа энэ үед төслүүдийг батлах юм бол албан журмын даатгал болох гээд байгаа учраас хөнгөлөлттэй зээл, тусламж үйлчилгээ авахын тулд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх ёстой гэдэг саналыг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгээс Засгийн газарт тавьж байгаа хэмээн Ц.Идэрбат гишүүн хариулт өгсөн. Цаашид малчид сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагддаг хэвээрээ үлдэх аж. Малын индексжүүлсэн даатгал Монголд л байдаг бөгөөд даатгалын салбартаа уламжлалт мал аж ахуйн даатгал хэмээн нэрлэдэг энэ даатгалыг Монгол Улс 1968 оноос хойш хэрэгжүүлж байгаад 1990 онд зогсоосон байна. Гэхдээ энэ төрлийн даатгал шаардлагатай хэмээн үзэж, Дэлхийн банкны санхүүжилтээр 2006 оноос төсөл хэрэгжүүлж байгаад 2014 онд бие даасан хуультай болсон. 2015 оноос хойш давхардсан тоогоор нийтдээ 290 мянга орчим малчин өрх хамрагдан давхардсан тоогоор 62 сая толгой малыг даатгуулжээ. Тус хугацаанд 26.1 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байжээ. Тухайлбал 2023 оны өвөл, 2024 оны хавар Монгол Улсын мал аж ахуйн салбарт 1.6 их наяд төгрөгийн хохирол учирсан. Энэ үед малын индексжүүлсэн даатгалаас 22 мянган малчин өрхөд даатгалын нөхөн төлбөр болгож 16.8 тэрбум төгрөг олгосон байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *