Монголын сэтгүүлзүйн салбарыг түүчээлэн яваа эрхэм сэтгүүлчид нэгдэн хэвлэл мэдээллийн салбарынхаа хамт олныг нэгтгэн, нийлүүлэх зорилгоор NEWS CAFE-г нээжээ. Тохижилтын ажлыг харахад үүднээсээ эхлээд л хэвлэлийн салбарынхандаа зориулан, сэтгэлээ шингээсэн гэдэг нь илт. Өдөр тутмын сонин сэтгүүлээс эхлээд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, сонирхолтой өрөөнүүдийг ч бий болгожээ.
Хурлын өрөө, подкастын өрөө, эвлүүлгийн өрөө, VIP өрөө, CHILL өрөө гээд өөрийн хүссэн өрөөндөө найз нөхөд, хамт олонтойгоо хөгжилдөх боломжийг ч олгож.


Түүгээр ч зогсохгүй NEWS CAFE-н үүсгэн байгуулагчид жижиг деталь бүрд анхаарсан ба тэдгээрээс хамгийн сонирхолтой тохижилт нь сэтгүүлч, зураглаач нарын хөргийг байршуулсан ханын самбар байв. Хаана нь би байна, хаана нь чи байна гээд л өөрийнхөө зургийг хайхаас гадна хамт олныгоо, найз нөхдөө ч бас давхар эрж хайх нь хүн бүхэнд сонирхолтой байх. Бас энэхүү самбарт зураг нь ороогүй гэх гомдол сэтгүүлч нараас их ирж байгаа гэнэ.

Тус кафег менежер Ж.Номин хариуцан ажиллаж байгаа ба анх удаа баристагаар ажиллаж, олон шинэ зүйлтэй танилцаж, суралцаж байгаагаа бидэнд ярьсан юм. Мөн түүнчлэн,
“Энэ ханын самбарт нийт 300 гаруй зураг багтсан байгаа. Миний хувьд сэтгүүлч мэргэжлээрээ удаан хугацаанд ажиллаагүй учраас сэтгүүлч нарыгаа тийм ч сайн таньдаггүй юм билээ. Өөрийн мэдэх сэтгүүлчдийнхээ фейсбүүк хаяг руу ороод л нэгээс нь нөгөө рүү нь дамжиж байгаад эдгээр зургуудаа сонгосон юм. Нээлтээ хийснээс хойш олон хүн миний зураг байхгүй байна гэж гомдоллосон.
Тэдгээр хүмүүстээ хандаж хэлэхэд, бид дахин нэг шинэ самбар бэлдсэн байгаа. Тиймээс зургаа байршуулахыг хүссэн хүмүүс маань надад хэлээрэй. Зургийг нь байршуулахад нээлттэй шүү.

Мөн дээр нь манай кафегаар үйлчлүүлэх сэтгүүлч, зураглаач, редакторууд маань өөрсдийнхөө редакцын аягандаа цай, кофегоо хийлгээд уух боломжтой. Манай ах, эгч нар болон бид хамтдаа ярилцаад хэд хэдэн редакцын уриа үгийг аяган дээрээ хэвлэсэн юм. Бас сэтгүүлзүйн мэргэжлээрээ бахархаасай гэдэг үндсэн дээр бусад аяган дээрээ ч бас олон олон алдартнуудын хэлсэн эшлэлүүдийг хэвлэсэн” гэлээ.

Тус кафен үүд хаалга хүн бүрд нээлттэй төдийгүй ялангуяа сэтгүүлч, зураглаачаар суралцаж буй оюутан залуус үйлчлүүлбэл тун тохиромжтой. Учир нь энэхүү кафен өрөө, заалыг ашиглан өөрсдийнхөө бэлтгэхийг хүссэн подкаст болон контентоо хийх боломжтой. Бүр зураг авалт, эвлүүлгийг нь ч хариуцаж болох аж.

Үүнээс өөр олон сонирхолтой зүйлсийг мэдэхийг хүсвэл өөрсдийн биеэр NEWS CAFE-г зорихыг зөвлөе. Хэвлэлийнхний нэгдэх, нийлэх, цуглах цэг бол яах аргагүй энэ кафе шүү.
