“Нийгмийн ажилтны ёс зүйн үндэсний хорооны гишүүн, шинжээч”-ийн сургалтыг өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, мэргэжлийн холбоодын төлөөлөл хамтран анх удаа зохион байгууллаа.
Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд уг дүрмийг нийгмийн ажлын мэргэжлийн холбоодтой зөвшилцөн батлахаар заасны дагуу 2024 онд дүрмийг баталсан.
Дээрх дүрмийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, суртачлан таниулах чиг үүрэг бүхий Ёс зүйн үндэсний хороог эрүүл мэнд, шүүх, боловсрол, халамж, хүүхэд хамгааллын салбарын нийгмийн ажилтны төлөөллийг оролцуулан 15 гишүүнтэйгээр энэ онд байгуулсан.



Сургалтаар нийгмийн ажлын мэргэжлийн ёс зүйн дүрэм, зарчим, хэм хэмжээг салбарын түвшинд нэвтрүүлэх, албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн аливаа алдаа, дутагдал, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн шийдвэр гаргахад зөвлөн туслах, ил тод, хариуцлагатай байдлыг хангах, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган холбогдох байгууллага, удирдлагад хүргүүлэх зэрэг мэдлэг, арга барилыг эзэмшүүллээ.
Цаашид 21 аймаг, 9 дүүрэгт хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажлын ёс зүйн салбар хороодыг байгуулан ажиллахаар зорьж байна.
