Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ


Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) эхэлнэ. Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 12 дугаар сарын 8-12-нд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болох юм.

Өнөөдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээтолгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална.

2 дугаар сарын 10-нд “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална.

12 дугаар сарын 12-нд “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар нотлох баримтуудыг үргэлжлүүлэн шинжлэн судална.

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна. Энэ сонсголд нийтдээ 300 гэрч оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэжээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *