Дийлэнх татвар төлөгч үүргээ ухамсарлан цаг тухайд нь төлдөг бөгөөд өршөөл үзүүлэх нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэгч, хариуцлагатай, шударга татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийг үл ойшоох, хохироох, цаашид үүнээс зайлсхийх сэдлийг төрүүлэх уршигтай
УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэн. Энэ талаар Сангийн яамнаас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөх нь нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах зэрэг олон сөрөг үр дагавартай” гэжээ.
Дийлэнх татвар төлөгч үүргээ ухамсарлан цаг тухайд нь төлдөг бөгөөд өршөөл үзүүлэх нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэгч, хариуцлагатай, шударга татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийг үл ойшоох, хохироох, цаашид үүнээс зайлсхийх сэдлийг төрүүлэх уршигтай юм. Түүнчлэн эх үүсвэр нь тодорхойгүй, үндэслэлгүй, нуугдмал, авлигынх байж болзошгүй хөрөнгө, орлогыг өмнө нь өршөөн, татварын хариуцлагаас чөлөөлснөөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл үүсгэсэнд тооцон манай улс “Саарал жагсаалт”-д орсон.
Өршөөлийн хуулийн сөрөг үр дагавар одоо ч үргэлжилсээр байгааг сангийн яамнаас онцолжээ. Тиймээс улсын эдийн засаг, төсвийн тогтвортой байдал, татварын тогтолцоо, шударга ёс, хууль дээдлэх зарчим зэрэгт өршөөл хортойг хөндөн, татвар төлөгчдийн дунд ойлгомжгүй, тогтворгүй байдал бий болгон, бодит бус хүлээлт үүсгэхгүй байхыг Сангийн яамнаас уриаллаа.
