3 ТЭРБУМЫГ ҮНС БОЛГОСОН ЗАХАД ДАХИН 3 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨВ
Улаангомын улаан захыг дахин барих зорилгоор Увс аймаг 2026 оны төсөвт 3 тэрбум төгрөг суулгалаа. Хүмүүсийн улаан гэж нэрлэдэг 3000 ам метр талбайтай “Шинэ Улаангом” захыг барихад Ерөнхий сайдын багцаас 3 тэрбум төгрөг гарган, “Ус-Орчин” ХХК барьж, 2014.02.24-нд ашиглалтад оруулжээ. Татвар төлөгчдийн мөнгөөр барьсан энэ зах сар орчмын өмнө шатсан ч дахиад татварын мөнгөөр шинэ зах барихаар Увс аймгийн ИТХ шийдвэрлэв.
Зах бол аль ч цаг үед хамгийн ашигтай бизнес байсаар ирсэн. Бизнес эрхлэгчид өөрсдөө зах бариад, ажиллуулах бүрэн боломжтой. Улаангомд гэхэд “Итгэлт”, “Шөнийн зах” гээд хувийн зах бий. “Шинэ Улаангом” захыг шатсаны дараа 140 орчим түрээслэгч нь “Итгэлт” захад шилжин, наймаагаа үргэлжлүүлж байна. Захынхаа гадна талд чингэлэг тавиулж, гадаа худалдаа хийх боломж ч олгов. “Итгэлт” худалдааны төв бол “Шинэ Улаангом” захыг барихад туслан гүйцэтгэгчээр оролцсон “Их барилга Увс” ХК-ийн 2024 онд барьж, намар нь өргөтгөсөн зах юм. Тэгвэл “Шинэ Улаангом” захын 30 түрээслэгчийг “Шөнийн зах” хүлээн авч, 3 сар түрээсийн төлбөрөөс чөлөөллөө.
Ийм байдлаар “Шинэ Улаангом” захын 282 түрээслэгчийн 170 нь буюу 60% нь ажлын байртай болов. Наймаачид өөрсдөө ийн учраа олж байхад, заавал орон нутгийн захиргаа хутгалдах ямар ч хэрэггүй. Хувийн хэвшлийнхэн зах барьж, зах зээлийнхээ зарчмаар ажиллуулж болж байна. Наймаачид өөр зах руу шилжиж байна.
Төр хуушуур хийж, хувцас оёж, амралт, сувиллын газар ажиллуулж байна
Ингээд бүгд учраа олж байхад, аймгийн ЗДТГ түүнд хутгалдан, татвар төлөгчдийн мөнгөөр дахин зах барих гэж байгаагийн учир юу вэ? Төр уг нь ийм юманд, хувийнхны хийж чадах ажилд хутгалдахгүй байвал сайн сан. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “Төр хуушуур хийж, хувцас оёж, амралт, сувиллын газар ажиллуулж байна. Төр оролцмооргүй юмыг хийдэг компани төрд нэлээн олон байна. Амралт, сувиллын газар заавал төрийн өмчийнх байж яах юм”.
Одоо манай улсад орон нутгийн өмчит 5341 байгууллага байгааг ТӨБЗГ тоолжээ. Үүний 4331 нь данстай, тамгатай, захиралтай хуулийн этгээд. “Шинэ Улаангом” ОНӨААТҮГ шиг худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 аж ахуйн нэгж орон нутгийн өмчид бий. Үүнээсээ аймгууд салахыг хүсдэггүй нь захаасаа харагдаж байна.

Уг нь Увсын ИТХ-ын төлөөлөгчид дахиж орон нутгийн өмчит зах бариулахгүй байхаар шийдсэн юм гэнэ. Гэхдээ л уг шийдвэртээ тууштай байж чадсангүй. Хувийн өмч давамгайлсан зах бариулахаар аймгийнхаа ЗДТГ, хувийн хэвшилтэй яриа хэлэлцээ хийж байгаа аж. Ингээд орон нутгийн төсвөөс 3 тэрбум төгрөг шинэ захад зарцуулахаар хуваарилжээ. Түүгээр нь тендерт шалгарсан компани битүү зах барьж, орон нутгийн өмчид уг захынхаа тодорхой хувийг өгч, дийлэнх хувийг өөрөө өмчлөх ёстой юм байна. Дараа нь тухайн компани уг 3 тэрбумыг үе шаттайгаар орон нутгийн төсөвт буцаан төлөх нөхцөл тавих гэнэ.
Төрийн өмчит 109 компани, үйлдвэрийн газрын тоог үе шаттайгаар 20% цөөлж, 87 болгох боломжтой гэж ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл 2025.08.06-нд танилцуулж, түүнийг нь Засгийн газар дэмжсэн. Гэтэл Увс аймаг үүний эсрэг юм хийж, орон нутгийн өмчит зах барихад багагүй мөнгө төсөвлөв. Энэ бол Г.Занданшатарын “Төрийн өмчит компаниудын тоог 2 дахин бууруулна. Төрийн өмчийн реформ хийнэ” гэсэн мэдэгдлээс тэс хөндлөн бодлого. Засгийн газар дээгүүрээ төр, орон нутгийн өмчийг цөөлөх бодлого барьж, орон нутаг доогуур нь өмчтэйгээ зууралдах бодлого хэрэгжүүлж байна.
“ШИНЭ МӨРӨН” ЗАХЫН ТҮРЭЭСЛЭГЧДЭД 20 САЯ ТӨГРӨГ ХҮҮГҮЙ, БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛЖЭЭ
Увсынхан хөвсгөлийнхөнтэй барьцаад сүйд. Хөвсгөлийн “Шинэ Мөрөн” захыг шатахад Засгийн газар нөөц хөрөнгөөсөө 5.2 тэрбум төгрөг гаргаж өгсөн юм. Үүнийг увсынхан хохирол барагдуулсан гэж андуурчээ. Тиймээс ч “Шинэ Улаангом” захын түрээслэгчид хохирлыг нь барагдуулахыг Засгийн газар, орон нутгаас шаардаж байна. Угтаа бол “Шинэ Мөрөн” зах шатсаны дараа түрээслэгчдэд нь Засгийн газар зүгээр л “Май” гээд мөнгө өгөөгүй.
2025.04.28-нд ЗГ уг гамшгийн тухай хэлэлцээд, нөөцөөсөө 5.2 тэрбум төгрөг гаргаж, Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх санд шилжүүлэн, уг сангаас “Шинэ Мөрөн” захын 258 түрээслэгчид зээл олгохоор шийдсэн юм. Гэвч ЖДҮХС-гийн зээлийг аж ахуйн нэгжид олгодог. Гэтэл тус захын түрээслэгчдийн олонх нь аж ахуйн нэгжгүй, хувиараа бизнес эрхлэгч.
Тиймээс Засгийн газар шийдвэрээ өөрчлөн, уг мөнгөө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан, уг захын 258 түрээлэгчид барьцаагүй, хүүгүй зээлжээ. Ингэхэд 1 хүнд дунджаар 20 сая төгрөг ноогдсон байна. Энэ нь 138 хүний хохирлын 80-90%-тай тэнцэж буй аж. Уг мөнгөөр тэд наймаагаа дахин эхлүүлж, буцаан төлөх үүрэгтэй. Тэгэхээр “Шинэ Мөрөн” захын түрээслэгчдийн хохирлыг Засгийн газар барагдуулсан хэрэг биш, зээл олгожээ.
Засгийн газар ч бас уг гал түймрийн хохирогч. 3 тэрбум төгрөгөөр бариулсан “Шинэ Мөрөн”, 4.2 тэрбум төгрөгөөр босгосон “Шинэ Улаангом” зах нь шатаж, 7.2 тэрбум төгрөгөөрөө ЗГ хохироод байна. Уг гамшигт хэн буруутайг тогтоогоогүй байгаа тул хэн нь ч хэнээсээ хохирол нэхэмжлэх боломжгүй.
Засгийн газар уг мөнгөө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан, уг захын 258 түрээлэгчид барьцаагүй, хүүгүй зээлжээ
Үүнээс сургамж авсан уу, яасан “Төр татвар төлөгчдийн мөнгөөр зах барьж, орон нутгийн өмчид шилжүүлдэг. Аймаг менежментийг нь хариуцсан нэртэй ашиггүй ажиллуулдаг. Үүнээс төр татгалзах хэрэгтэй” гэж Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар 2025.04.29-нд “Шинэ Мөрөн”-гийн түрээслэгчидтэй уулзахдаа хэлсэн юм.
Хөвсгөл аймаг шатсан захынхаа буурин дээр шинэ зах бариулахаар өнгөрсөн зун 3 удаа тендер зарласан ч хэн ч сонирхоогүй аж. Анхны тендерт шалгарсан компанийг түрээслэгчид “10-р сарын 1 гэхэд захаа ашиглалтад оруулахгүй бол түрээсийн мөнгөө багасгаарай” гэх мэт шаардлага тавьсны улмаас өнөөх нь гэрээ байгуулахаас татгалзжээ. Энэ мэт зүйлээс шалтгаалан, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тендерийн шаардлагаа зөөлрүүлж, 4 дэх тендерээ зарлажээ. Гэсэн ч 4, 5 дахь тендер бас бүтэлгүйтсэн байна.
“Шинэ Мөрөн” зах 3850 ам метр газартай. Үүний 3796 ам метр талбайг барилгажуулах боломжтой. Шалгарсан компани шатсан захын талбайг цэвэрлэж, ашиглаж болох материалыг нь Орон нутгийн өмчийн газарт хүлээлгэж өгөх ёстой юм байна.
6 дахь удаагийн тендерт “Мөнх өсөн нэмэх” ХХК шалгарч, 2025.09.12-нд гэрээ байгуулжээ. Тус компани өөрийнхөө мөнгөөр 4 давхар, урсдаг шаттай, ачааны цахилгаан шаттай, зориулалтын зах барьж, 2026.10.01-нд ашиглалтад оруулахаар болжээ. 10-р сарын 1 гэхэд шинэ зах барьж, түрээслэгчдээ оруулахаар тус аймгийн засаг дарга амласан ч санаснаар нь болсонгүй. Улстөрчид алтан амтай байлаа ч амлалт нь бодит амьдрал дээр тэр бүр биелэхгүйг энэ явдал харууллаа.
