Б.Туул: Айл бүрт нэг иогийн багш байгаасай


Монголын иогчдын холбооны тэргүүн, “Бадамлянхуа” иогийн төвийн үүсгэн байгуулагч Б.Туул:  Нүүрний хүнд мэс засалд орсны дараа нүүрний хэм алдагдаж эхэлсэн. Үүнийгээ даван туулахын тулд нүүрний иогийн дасгалуудыг тууштай хийж, мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж чадсан гэв.

Тэрбээр энэ өөрчлөлтөө бусдад таниулахын тулд нүүрний иогийн чиглэлээр Английн “Danielle Collins Face Yoga Method”-ын нүүрний иогийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багш бэлтгэх эрхтэй сургалтад сууж мэргэшсэн багш болжээ.

Анх яагаад нүүрний иогоор хичээллэж багшлах болов?

Хүн чинь ер нь өөрөө илүү их мэдэрсэн зүйлээ бусдад түгээхийг хүсдэг юм билээ. Миний хувьд 10 гаруй жилийн өмнө нүүрний хүнд мэс засалд орсон. Нэг талынхаа 4-5 шүдийг нэг дор авхуулаад доороос хавдар авхуулах зүйл тохиолдсон юм. Үүнээс болж нэг талын хэсэг маань зажилж идэх боломжгүй болсон. Нэг талаараа байнга ачаалал өгч зажиллаж идсээр байгаад 6 сарын дараанаас эхлээд нүүрний хэлбэр алдагдаж гажиж байгааг анзаарсан. Тэрнээс хойш ерөнхийдөө нүүрээ би яах ёстой юм. Яаж аварч үлдэх ёстой юм бэ гэж аргачлал хайгаад нүүрний иогтой учирсан. Нүүрний иогийг тууштай хийж, өөр дээрээ мэдэрсэн энэ эерэг өөрчлөлтөө олон хүнд хүргэхийг хүсэж “Бадамлянхуа иога төв”-ийг байгуулсан.

Таны хувьд ямар мэргэжилтэй хүн юм бэ? Иога гэдэг зүйл рүү ороход ямар байсан бэ?

Миний үндсэн мэргэжил бол кино найруулагч мэргэжилтэй. Би яг энэ чиглэлээрээ өөрийн студитэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Магадгүй энэ мэргэжил маань өөрөө аягүй их ачаалалтай ажил байсан болохоор иогийн салбар руу гэв гэнэтхэн орсон нь надад хоёр өөр ертөнцөд айлчилсан юм шиг мэдрэмжийг төрүүлэх шиг болсон.

Нүүрний иогийг хийснээр хэр хугацааны дараагаас үр дүн гарч эхэлдэг вэ?

-Нүүрний иогийн үр дүн 14 хоногийн дотор гарч эхэлдэг.  Жижиг үрчлээс тэнийх хаван буурах гэх мэтээр илэрнэ. Дараа нь доод зовхины уутанцар, сарвуу үрчлээ, духны үрчлээ, хөмсөг хоорондын босоо үрчлээс арилж завжны унжсан байдал өргөгдөж сэргэг болно. Нүүрний иогийг 10 хурууны тусламжтай хийх нь ямар ч эрсдэлгүй, тоног төхөөрөмж ашиглахгүйгээр залуу сайхан харагдах боломжтой.

Таны хувьд нүүрний иога чиглэлээр олон улсын эрхтэй багш шүү дээ. Ер нь ийм эрхийг авахын тулд хэр удаан ажиллаж байж хэрхэн яаж энэ эрхийг авдаг юм бэ?

-Нүүрний иогийн олон улсын эрхийг нэг өдөрт авчих зүйл биш. Туршлага, дадлага, шат дараалсан сургалт хэрэгтэй. Миний хувьд эхлээд Английн “Danielle Collins Face Yoga Method” аргачлалыг судлахаар онлайн сургалтад хамрагдсан. Өөр дээрээ туршиж, бодит үр дүн гарсны дараа багшлах эрхийн сургалтад суусан. Нүүрний иогийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багш бэлтгэх албан ёсны супертрэйнерийнхээ гэрчилгээ авсан. Монголдоо ирээд багш нар төгсгөж эхэлсэн. Хятадад Өвөр Монголд бас нэлээн олон иогийн багш төгсгөсөн.

Та ер нь хэчнээн шавьтай вэ?

-Монгол, Хятадад төгсгөсөн шавь нараа тоолох юм бол 130 орчим багш нарыг бас төгсгөж гаргасан. Тэр багш нар маань ч гэсэн дээ өөрсдөө бас нүүрний иогоо хэрэгжүүлээд, бусдад нүүрний иогийг зааж түгээн дэлгэрүүлээд явж байна.

Иогийн багш нарын чанарын хувьд

-Багш нарын хувьд монгол багш нар сүүлийн үед маш чанартай багш нар бэлтгэж гарч байгаа. Монголд дэлхийн багш нартай хөл нийлүүлэх хэмжээний мэдлэгтэй чадвартай багш нар зөндөө байгаа.

Иогийн багш олон байх нь зөв үү?

-Иогийн багш олон байх тусмаа л сайн. Би бүр аль болгонд нэг иогийн багш байгаасай гэж боддог. Тэгвэл хүмүүс иогоор хичээллэж, бүгд амар амгалан тайван амьдрах юм байна гэж бодохоор сайхан шүү дээ.

Сүүлийн жилүүдэд иогийг сонирхох хүмүүс олон болсон. Үүнийгээ дагаад ч олон иогийн төвүүд бий. Иогоор хичээлбэл хаана ямар иогийн төвийг сонгох нь хамгийн сайн бэ?

– Хаана хамгийн сайн иогийн төв байна гэхийн бол тантай ойрхон байгаа тэр иогийн төв хамгийн сайн иогийн төв. Завгүй үедээ өөртөө ойрхон байгаа төвд өдөр болгон орж эсвэл 7 хоногтоо 2-3 удаа орж хичээллэх боломжтой. Хэтэрхий холдоод хол төвийг сонгочих юм бол хүн очиж хичээллэхгүй. Ганц хоёр дурандаа явж байгаад тасалчихдаг.

Нүүрний иогийг хичээллэж дөнгөж эхэлж байгаа хүмүүст та ямар зөвлөмжийг өгдөг вэ?

-Нүүрний иогийг хийхдээ заавал нүүрээ угааж цэвэрлэ. Будгаа арилгаад гэртээ сууж байгаад заавал толиныхоо хажууд хий гэж би хэзээ ч зөвлөдөггүй. Зүгээр л та цаг зав гаргаад хаана, хэзээ ч хийж болно.

Хүмүүс танаас ер нь хамгийн их ямар асуулт ирдэг вэ?

-Ганцхан дасгал хийгээд шууд үр дүнд хүрчихнэ гэдэг бол өрөөсгөл ойлголт зовхиныхоо үрчлээг яаж арилгах вэ гэж асуудаг. Маш олон хүмүүс ирж зөвлөгөө авдаг.

Таны хувьд бусдад юуг уриалахыг хүсдэг вэ?

-Хүмүүст “өөртөө зориулан цаг зав гаргаарай” гэж уриалахыг хүсдэг зүйл бол энэ. Эрүүл мэнддээ бид нар нэг номерт анхаарах ёстой. Бусад зүйл аяндаа болно доо.

-Ярилцсан танд баярлалаа.


One response to “Б.Туул: Айл бүрт нэг иогийн багш байгаасай”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *