Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын саалийн үнээ “Эрдэнэс-Оюутолгой”  


Оюутолгой ордтой холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлмэгц “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ саатуулж, цагдан хорив. Түүнийг компанидаа оффис худалдан авах нэрийдлээр мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй гэх боловч энэ том компанийг удирдах хугацаандаа хэний ямар үүрэг гүйцэтгэснийг давхар шалгаж байгаа сурагтай.

Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нь 2024.02.28-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг албан тушаалаас нь чөлөөлж, маргааш нь “Эрдэнэс-Оюутолгой” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон юм. Тэр Барилга, хот байгуулалтын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байгаад, 2023.07.26-нд ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болжээ.

Төрийн байгууллагын санхүү, мөнгийг мэдэж явсан түүнийг Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх УИХ-ын хяналтын сонсголд гэрчээр дуудсан. Түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа өнөөдөр дуусна. Цагдан хорих хугацааг шүүх сунгахгүй бол маргааш сонсголд оролцох боломжтой. Гэвч түүнийг уг сонсголд оролцуулах хүсэл эрх мэдэлтнүүдэд бий эсэх нь эргэлзээтэй.

Э.Ганхүү: Намайг ажил авахад нийт 18.3 сая ам.доллар орж ирсэн байсан

“Оюутолгой” ХХК далд уурхайн бүтээн байгуулалтад хяналт тавих зардал хэмээн, “Эрдэнэс-Оюутолгой” ТӨХХК-д 2021 оноос жил бүр 5 сая ам.доллар шилжүүлэхээр болсон байна. Үүнээс 18.3 сая ам.долларыг нь өгчээ. Үүнийг “Эрдэнэс-Оюутолгой” компанийн үе үеийн захирлууд юунд зарцуулсан нь тодорхой бус байгаа аж. “Оюутолгой”-гоос “Эрдэнэс-Оюутолгой”-д 20 сая ам.доллар олгох гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нууцад хамааруулжээ. Уг гэрээг 2025.09.23-нд Г.Занданшатарын Засгийн газар нууцаас гаргаж, ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган, шалгуулж байна.

Энэ талаар Э.Ганхүү “Намайг ажил авахад нийт 18.3 сая ам.долларын санхүүжилт орж ирсэн байсан. Ажлаа аваад үлдэгдэл санхүүжилтийг зогсоосон. Засгийн газрын хуралдаанаар оруулаад, үүгээр зөвлөх үйлчилгээ авах болгосон. “Эрдэнэс-Оюутолгой” ТӨХХК-ийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах гэсэн эх үүсвэртэй байсан. “Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан ажлуудыг холбогдох хуулийн дагуу нууцаас гаргаж өгнө үү” гэсэн бичгийг 10-р сарын 3-нд Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн. Хариу ирээгүй байгаа учир уг гэрээ нууц хэвээрээ байгаа. Цагдаагийн байгууллага нууцад байсан материалыг аваад явсан” гэж 2025.11.04-нд Оюутолгойн асуудлаарх УИХ-ын сонсгол зохион байгуулах хорооны хуралд оролцохдоо мэдээлсэн юм.

Засгийн газар энэ сард Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ахлуулсан өөр нэг ажлын хэсэг байгуулж, Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Ч.Номин сайдын байгуулсан зарим гэрээ, үр дүнг шалгуулж байна. Уг шалгалтын тайланг Засгийн газарт өчигдөр Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр танилцууллаа.

Э.Ганхүү: Засгийн газар уг 18.3 сая долларын зориулалтыг зөвлөх үйлчилгээ авах болгож, өөрчилсөн

“Эрдэнэс-Оюутолгой” компани “Atticus Partners”, “Atticus communications” компани хоорондоо нийт 1.9 сая ам.долларын 4 гэрээ байгуулж, “Монгол хаан” жүжгийг гадаадад сурталчлуулсан гэдэг. Уг жүжгийг бүтээсэн “Херо энтертэйнмент”-ийн 50%-ийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ эзэмшдэг. Харин “Wild Yak Productions” үүнд “Wild Yak” нь “Монгол хаан” жүжгийг сурталчлах гэрээг “Make A Noise”, “Bread & Butter PR”, “Sine Digital” гэсэн 3 компаниас өөр компанитай хийгээгүй гэж мэдэгдсэн юм.

“Go Mongolia” үндэсний брэндийг Дэлхийд сурталчлуулахаар Английн хөлбөмбөгийн “Фулхам” клүбтэй 2024 оны 6-р сард жилийн гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахаар тус клүбийн хаалгач асан Марк Шварцер Монголд ирж байлаа. Энэ мэтчилэн Сингапурын “Эдэлман Сингапур” компани, АНУ-ын CNN агентлагтай Ч.Номин сайд гэрээ байгуулжээ. Эдгээр гэрээ, хамтын ажиллагааны хэрэгжилт, үр дүн, мөнгөний эх үүсвэр, зарцуулалт, худалдан авалт, санхүүгийн тайланг ЗГ шалгаж байна. “Фулхам”, CNN, “Эдэлмэн Сингапур”-ыг сонгосон үндэслэл, гэрээнд тусгасан үнийн дүн олон улсын зах зээлийн жишиг үнэд нийцэж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар ЗГ өчигдөр шийдвэрлэжээ.

Улсын төсвийн мөнгийг шамшигдуулчхаад, “Нууц” гэсэн улаан дардас даран, олны нүднээс далд хийчихдэг завхарлыг таслан зогсоохоор ЗГ зорьж буй. Эдгээр гэрээг олон нийтэд ил болгохоор ЗГ шийдвэрлэсэн ч ТЕГ-т очоод гацчихсан юм байна.

5 тэрбум 772 сая төгрөгийг Э.Ганхүү завшсан байх магадлал илэрсэн тул АТГ шалгаж байна

“Эрдэнэс-Оюутолгой” компанид очсоноосоо хойших 2 жил орчмын хугацаанд Э.Ганхүү дээрээс өгсөн даалгаврыг дуулгавартай гүйцэтгэхийн зэрэгцээ өөртөө ч чамгүй ашиг унагасан бололтой. Тэр тэнд очоод жил бололгүй, өнгөрсөн 1 дүгээр сард 280 саяар жийп машин авсан нь олны анхаарлыг татаж байв. Бизнес хийж үзээгүй, дандаа төрийн байгууллагад ажиллаж байсан тэр хувьдаа 220 саяын BENZ C-300, LEXUS 570 маркийн машинтай, 1.2 тэрбумын үнэ бүхий 3 орон сууц, зуслангийн 1 байшинтай гэхээр албан тушаалаа ашигласных байх магадлалтай.

“Эрдэнэс-Оюутолгой” компани 2024 оны 5-р сараас “Блю скай тауэр”-ын 8-р давхрын 374.65 ам метр талбайг түрээсэлж байна. ТӨБЗГ 2024.03.21-нд 139-р тогтоол гаргаж, Улаанбаатар хот дахь төрийн өмчит хуулийн этгээд бусдаас 1 ам метр талбайг сард 50 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй түрээслэхээр тогтоож өгчээ. Гэтэл “Эрдэнэс-Оюутолгой” одоо 88 мянган төгрөгөөр талбай түрээсэлж байна. Ийм байдлаар тус компани оффисын түрээсэнд нийт 170.8 сая төгрөг илүү зарцуулаад байгаа аж. Үнэхээр ийм өндөр үнээр оффис түрээсэлж байна уу? Тийм бол яагаад гэдгийг мэдэхийн тулд мөрдөгч нарт Э.Ганхүү хэрэгтэй. Үгүй бол зөрүү 38 мянган төгрөгийг Э.Ганхүү өөрөө халаасалж байж ч болох юм.

Энэ асуудлаа шийдэж, өөрийн оффистой болохоор “Эрдэнэс-Оюутолгой” компани 2024.08.15-нд “Би Эм Си Эм” ХХК-тай 8 тэрбум 247 сая төгрөгөөр барилга, байгууламж худалдаж авах гэрээ байгуулж, 2024.09.25-нд уг гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан, үнийн дүнгийн 70% буюу 5 тэрбум 772 сая 9 мянган төгрөг урьдчилгаа болгон, шилжүүлжээ. Гэсэн ч барилгаа хүлээж аваагүй байна. Уг мөнгийг Э.Ганхүү завшсан байх магадлал илэрсэн тул АТГ шалгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *