Баяр хөөр, дурсамж дүүрэн бүх одод


Монголын Волейболын Дээд лигийн 2025-2026 оны бүх оддын тоглолт өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. 30 дахь улиралдаа зохиогдож буй Волейболын бүх оддын тоглолт заал дүүрэн үзэгчтэй, баяр хөөр дурсамж дүүрэн болж өнгөрөв. Бүх оддын тоглолт эрэгтэй, эмэгтэй, холимог оддын гэсэн гурван хэсгээс бүрдэв.

Эрэгтэй, Эмэгтэй бүх оддын тоглолтод үзэгчдийн саналаар шалгарсан гадаад, дотоодын шилдгийн шилдгүүд уран хууралт, хүчтэй довтолгоо гоёмсог тоглолтоороо өрсөлдөж үзэгч, хөгжөөн дэмжигчдээ гайхшируулж чадлаа.

“Polaris” баг шилдэг боллоо

Үндэсний Дээд Лигийн эмэгтэй багийн тамирчдыг санал асуулгаар сонгосон бөгөөд “Polaris” болон “Цасан охид” багууд эн тэнцүү өрсөлдөж 5 ээлжийн тоглолтод ялалт байгуулав. Шийдвэрлэх тавдугаар үеийг 19:17 харьцаагаар “Polaris” баг авч шилдгээр тодорлоо. 5 дахь ээлжийн тоглолтын төгсгөлд Б.Хулан хүчтэй давуулалт хийж Поларис баг ялалт байгуулав. Яг үүн шиг эрэгтэй багуудын тоглолт мөн л гал гарсан 5 үеийн өрсөлдөөнийг үзүүлж “No Chance” баг хожил байгууллаа.  Эрэгтэй бүх оддын тоглолт дотоод болон гадаад тоглогч нарын хооронд болсон гэж хэлж болно. Энэ тоглолтод Лигийн шилдэг довтлогч Б.Батсуурь, М.Уранбаяр нар гайхалтай байж ялалт байгуулсан. Тэд өмнө нэг багт хамт тоглож байсан багийн хамтрагчид юм.

Эрэгтэй тамирчдаас шилдэг тоглогчоор “Эс Жи Хавкс” багийн ахлагч, ОУХМ Б.Батсуурь тодорсон бол эмэгтэй тамирчдаас Х.Нэргүй бүх оддын шилдгээр тодров.

Жүжигчин М.Баярбат О.Хангай аваргыг “Нам наав”

Бүх оддын тоглолтын хамгийн чухал сонирхолтой хэсэг нь холимог оддын тоглолт байдаг. Өнгөрсөн жилийн бүх оддын тоглолтод О.Хангай аварга тэргүүтэй баг Баярбат тэргүүтэй багийг 3 ээлжийн тоглолтод төвөггүй буулгаж авч байсан. Харин энэ удаа жүжигчин М.Баярбат, О.Хангай аваргатай даагаа нэхсэн нь Волейбол сонирхогчдын анхаарлыг татав. Мөн өнгөрсөн жил О.Хангай аварга охины хамт Холимог оддын талбайд нэг багаас гарч байсан бол энэ удаа түүний гэргий Н.Дэлгэртуяа эсрэг багаас тоглосон нь холимог оддын нэгэн чимэг байлаа. Мөн урлаг, спортын олон одууд холимог оддын тоглолтыг солонгоруулав. Тухайлбал МУГЖ Н.Ариунболд, МУГЖ Д.Бямбацогт, түүний хүү Б.Балжинням, Шигшээ багийн тоглогч О.Эрдэнэцогт, МУГТ М.Цэрэнлхам, Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй одууд 30 дахь удаагийн Волейболын дээд лигийн Холимог оддын тоглолтод оролцлоо.

Холимог оддын тоглолтын 1-р үеийн төгсгөл тун хүчтэй өрсөлдөөнтэй болж 21:19-өөр Улсын Аварга О.Хангайгаар ахлуулсан “Бөртэ Чоно” баг эхний ээлжийн ялалтаа байгуулав. Даагаа нэхэхээр нам наанаа гэсэн уриатайгаар оролцсон СТА, жүжигчин М.Баярбат ахлагчтай “НамНаа” баг эхний үед хожигдсон хариугаа 2-р үед авлаа. Тэд аваргын багийг 2-р үед 21:13 харьцаагаар буулган авсан юм. Ингээд 3-р үе буюу шийдвэрлэх үеийн тоглолтод О.Эрдэнэцогт төгсгөл хийж 15-13-аар ялалт байгуулав. Ингэснээр тэд 10 сая төгрөгийн эзэд боллоо. Энэ тоглолтод Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Эрдэнэцогт … оноо авч холимог оддын шилдэг тоглогчоор шалгарсан.  Тэрбээр Сагсан бөмбөгт орохоосоо өмнө Волейболын спортоор хичээллэж байсан гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид андахгүй билээ.

Холимог оддын тоглолтын

1-р шүүгчээр ОУХМ Б.Батсуурь

2-р шүүгч Э.Энх-Амгалан

3-р шүүгчээр М.Уранбаяр нар ажилласан юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *