Дэлгүүрт мартсан картыг нь танихгүй хүүхдүүд авч, худалдаа хийжээ


Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, улмаар ял шийтгэл эдлэх тохиолдол их гарах болсон. Тухайлбал, хүүхдүүд бие биеэсээ баталгаагүй, буруу ташаа мэдээлэл авч, бусдын эд хөрөнгийг хувьдаа завших мөн бүлэглэн танхайрах гээд олон төрлийн гэмт хэрэгт оролцож буй мэдээллүүд ч цахим орчинд их гардаг. Иймд Time.mn сайт дараах сэрэмжлүүлэг сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

Баримт: Иргэн А Баянзүрх дүүргийн … дугаар хорооны … хотхоны дэлгүүрт виза картаа мартан гарчээ. Гэтэл түүний данснаас тодорхой хэмжээний мөнгөн дүн бүхий гүйлгээ хэд хэдэн удаа гарсан тул тус дэлгүүрийн хяналтын камерыг шалгасан байна. Гэтэл камерын бичлэгт ӨСВӨР НАСНЫ 2 ОХИН дэлгүүрийн худалдагчид “Манай эгч, /ах/ картаа үлдээсэн байна. Биднийг аваад ир гэсэн юм” хэмээн хэлээд худалдагчаас картыг авсан нь бичигдсэн аж. Иймд иргэн А картын гүйлгээг шалгаж, охидыг олж уулзахад, “Энэ аргыг нэг найз маань зааж өгсөн юм. Дахиж буруу зүйл хийхгүй” гэжээ.

Дээрх жишээнээс харахад та бид өдөр тутамдаа ашигладаг банкны картаа алдсан, гээсэн бол мөн таны данснаас тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр гүйлгээ хийгдвэл яаралтай картаа хаалгах хэрэгтэй.

Учир нь сүүлийн үеийн чиптэй картууд нь 50,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй гүйлгээнд пин код шаардахгүйгээр гүйлгээ хийгддэг байна.

Түүнээс гадна хүнсний дэлгүүрүүд болон томоохон зах, худалдааны төвүүдийн худалдагчид та бүхэн хэн нэгний мартсан, гээсэн эд зүйлс болон банкны картыг заавал баталгаажуулж байж эзэнд нь өгөхийг анхааруулж байна.

Бид үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Эрдэнэтулгаас тодруулахад,

Насанд хүрээгүй хүүхэд гээгдсэн эд хөрөнгө болон бусдын картыг хувьдаа завшвал торгох ял оноохоос гадна эцэг эх, асран хамгаалагчид нь хариуцлага тооцно

“Он гарснаас хойш 1400 орчим хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байна. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг болон бусдын гээсэн эд хөрөнгийг завших, бусдын биед халдах зэрэг хэргүүд зонхилж байна. Түүнээс гадна эдгээр гэмт хэрэг үйлдэгдэх гол шалтгаан нөхцөл нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул мөн өсвөр насныхан бие биедээ буруу ташаа, баталгаагүй мэдээлэл өгч байгаатай холбоотой юм. Мөн насанд хүрээгүй хүүхэд гээгдсэн эд хөрөнгө болон бусдын картыг завшвал торгох ял оноохоос гадна эцэг эх, асран хамгаалагчид нь хариуцлага тооцно. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй” гэлээ.

Баримт: Насанд хүрээгүй байж болзошгүй эмэгтэй хүүхэд бусдын биед халдаж буй гэмт хэргийн шинжтэй видео бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Уг бичлэгийн үеэр хэд хэдэн хүүхэд хамт байх боловч тус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авахгүй байгаа юм. Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллага бүртгэн авч, шалгаж буй.

ҮСХ-ноос гаргасан /2025.07 сар/ “Хууль зүй, гэмт хэргийн судалгаа”-наас харахад бүртгэгдсэн гэмт хэрэг 2025 оны эхний хагас жилд 26,706 болж, өмнөх оны мөн үеэс 6,199 буюу /30.2%/-иар өссөн үзүүлэлт гарсан байна.

Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчийн тоо

Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2025 оны эхний хагас жилд 11,798 болж, өмнөх оны мөн үеэс 1,362 буюу /13.1%/-иар өсжээ.

Үүнээс харахад нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 689 буюу /5.8%/ нь 18 хүртэлх насны хүүхэд байна.

Тэгвэл өсвөр насны хүүхдүүд ямар нэг гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 8-р бүлэг /ӨСВӨР НАСНЫ ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ/-т заасан зүйл заалтаар ял шийтгэл оногдуулна. Тодруулбал,

Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйл. Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл

1.Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараах ял оногдуулна:

  • 1.1.нийтэд тустай ажил хийлгэх;
  • 1.2.зорчих эрхийг хязгаарлах;
  • 1.3.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих.

Дээрх сурвалжилгаас харахад эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ хараа хяналт сайн тавьж, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өсвөр насны хүүхдүүд ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд оролцвол хуулийн хүрээнд ял шийтгэл оноодог. Бие биеэсээ буруу ташаа мэдээлэл сонсож, улмаар гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулъя.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *