“Enjoy AI 2025” олон улсын тэмцээнд дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэд робот, кодчиллын ур чадвараа сорьсон. Манай улсаас Улаанбаатар хот болон Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн нийт 56 бяцхан инженер оролцсон юм. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Unitel HUB-ийн сурагч Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд алтан медаль, Улаанбаатар хотын MONSTEM багийн сурагч М.Хангэрэл, Х.Ээлэн нар “Дэлгэцгүй кодчилол” төрөлд алтан медаль, хүртжээ. Мөн Говь-Алтай аймгийн Unitel HUB-ийн сурагч Э.Өрнөхбаяр, Б.Есөнмөнх нар “Дэлгэцгүй кодчилол” төрөлд мөнгөн медаль, Б.Оюун “Дрон кодчилол” төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Дархан-Уул аймгийн Unitel HUB-ийн сурагч Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар “Дэлгэцгүй кодчилол” төрөлд хүрэл медаль хүртэж, багш Т.Энхжаргал алтан медаль хүртсэн юм.
Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон эдгээр хүүхдүүдийг багш нарынх нь хамт Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар хүлээн авч уулзан, сурч хөгжихөд нь амжилт хүслээ.
