Т.Батцэцэг: Би хэдий болтол эрэлттэй байна тэр хүртлээ загвар өмсөнө


Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “Гоёл”-ыг Монголын дизайнеруудын холбоо 38 дахь жилдээ зохион байгуулав. Гоёл наадмын эмэгтэй “Топ модель”оор шалгарсан Т.Батцэцэгтэй ярилцлаа.

Юуны өмнө Топ модель болсонд баяр хүргэе. Та Топ модель 16 жилийн дараа боллоо гэж хэлсэн. Сэтгэгдлээсээ хуваалцаач.

Гоёл наадамд оролцоод 16 жил өнгөрчээ. Энэ хугацааны дараа Топ модель гэдэг шагналыг албан ёсоор хүртэх мөч маш их сэтгэл хөдөлгөм байлаа. Үнэхээр баярлаад, бүр балмагдсан. Сүүлийн хэдэн жил олон хүн “чи заавал авах ёстой” гэж итгэл өгч ирсэн болохоор дотроо бас хүлээлттэй байсан. Миний олон жилийн хөдөлмөрийг үнэлж, Топ модель гэсэн албан ёсны шагналыг олгосон Монголын дизайнеруудын холбооны хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байна.

-Топ модел тодруулчихаад тайзан дээр топ модел алхдаг шүү дээ. Тэр үеийн мэдрэмж ямар байв.

“Дэлхийн мисс-2014” оноос  ялагч болсноос хойш би тэмцээнд оролцоогүй байсан. Тэр үеийн хэмжээний дайтай дүйцэхүйц мэдрэмжийг дахиад авах үнэхээр гоё байлаа.

-Анхны моделийн гараагаа хаанаас эхэлж байв. Загварын тайзны анхны шагналын тухайгаа сонирхуулаач?

Би анх Дархандаа, Зоригтбаатар багшийн удирдлагад модель болж, мэргэжлийн гараагаа эхэлж байлаа. Тэр үед бид 2-3 сар сургалтад явж, гутал дээрээ гишгэж сураад тайзан дээр гардаг байв. Миний анхны тэмцээн сургалтын 14 хоногийн дараа чуулганы тэмцээн болоод тэнд оролцож “Өсөх ирээдүйтэй модель” гэсэн шагнал авсан. Тэр шагнал намайг үнэхээр урамшуулж, түүнээс хойш бүх тэмцээн, арга хэмжээнд алгасалгүй оролцож ирсэн дээ.

-Таны хувьд нэлээд олон жил загвар өмсөж байна. Ер нь хэдэн наснаас моделийн гараа ихэвчлэн эхэлдэг юм бэ?

Моделиуд ерөнхийдөө 13-14 наснаасаа эхэлдэг. Харин миний хувьд 16 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. Бусадтайгаа харьцуулахад нэг, хоёр жилээр арай хожуу гараагаа эхлүүлсэн гэж боддог.

-Загвар өмсөж явах хугацаандаа танд мартагдашгүй, хамгийн гоё дурсамжуудаасаа хуваалцвал?

Бараг бүх шоуны үед маш их догдолно. Тайзан дээр гарахын өмнө сандраад, зүрх түг түг цохилоод, нуруугаа арагш нь зөөлөн цохиж байж өөрийгөө тайвшруулдаг үе олон. Тэр дундаа 2014 оны тэмцээн бол үнэхээр мартагдашгүй. Олон хүний хайр, хүндэтгэлийг мэдэрч, хүмүүсийн хэлж байснаар олимпийн наадамтай дүйцэхүйц хэмжээнд дэмжлэг авсан нь одоо ч дурсахад сайхан санагддаг. “Бэрүүд” кинонд тоглосны дараа хүмүүс “Сийлэн эгч байна” гэж таньдаг тэр бас нэгэн гоё дурсамж болж үлдсэн.

-Та кинонд дүр бүтээж өөрийгөө өөр салбарт сорьсон. Одоо ажиллахыг хүсдэг дүр бий юү?

Түүх харуулсан түүхэн кинонд хатны дүр бүтээж үзвэл гэж бодож байна. Аймшгийн биш л бол ямар ч дүр байсан ч яахав дээ.

Загварын чиглэлээр явахад нь хамгийн их нөлөөлсөн хүн хэн байв. Тэр хүнийхээ тухай яриач?

Мэдээж хамгийн түрүүнд ээжийгээ нэрлэнэ. Аливаа амжилтын ард гэр бүлийн дэмжлэг үргэлж байдаг шүү дээ. Манай ээж намайг эмэгтэйлэг хүн болоосой гэсэн бодлоор загварт анх оруулж байсан. Тэр шийдвэрт нь би маш их баярладаг. Хэрвээ тэгээгүй бол би магадгүй жаахан эршүүд л хүүхэд байсан байх.

-Загвар өмсөгчид тайзан дээр алхаж байхад нь харахад амархан мэт санагддаг. Харин түүний цаана яг юу байдаг вэ?

Загвар өмсөгчийн ажил маш их тэвчээр шаарддаг. Биднийг гаднаас нь харахад энгийн мэт боловч хагас цэрэгжилтийн дэг журамтай орчинд ажилладаг гэж хэлж болно. Нэгнээ хүндлэх, ахмадаа дээдлэх, танихгүй байсан ч заавал мэндлэх зэрэг жижиг мэт боловч маш чухал ёс зүй олон бий. Моделиуд хоорондоо эвтэй найртай, бие биеэ дэмждэг. Ялангуяа гоёл наадмыг моделиуд жилийн турш хүлээдэг, бөөнөөрөө уулзаж, нэгэн сайхан дурсамж бүтээдэг маш том наадам байдаг.

–Та загвар өмсөгч болоогүй байсан бол өөрийгөө ямар мэргэжилтэй, ямар хүн байх байсан гэж төсөөлдөг вэ?

Би Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгссөн. Тиймээс яг мэргэжлээрээ ажиллаад, хажуугаар нь сагсан бөмбөгөө тоглоод л явж байх байсан болов уу. Магадгүй гоо зүйн ертөнцөөс арай хол, нийгмийн чиглэлд илүү анхаарсан, жаахан эршүүд, хайнга талдаа хүн байх байсан байх гэж боддог.

-Та мисс, загвар өмсөгчийн аль аль чиглэлд ажиллаж байсан. Энэ чиглэлээр сурахыг хүсэж байгаа бол юунд илүү анхаарах ёстой вэ?

Миссийн хувьд гоо сайхан нь хамгийн эхэнд тавигддаг ч зөвхөн тэр тал руу анхаараад зогсохгүй, өөрийгөө олон талаас нь хөгжүүлэх хэрэгтэй. Нэг зүйлдээ төгс болох биш, олон талын мэдлэгтэй байх нь чухал. Харин моделийн хувьд бие, жин, арьс, үс анхаарах нь чухал.

-Багш хүнийхээ хувьд сурагч моделиуддаа ямар зөвлөгөө өгдөг вэ?

 Би хүүхдүүдэд хамгийн энгийн боловч хамгийн чухал мэндэлж сурах таних, танихгүй ч бай “Сайн байна уу” гээд мэндэлдэг бай гэж хэлдэг. Ямар ч сургалт, багшийн төлөө биш, өөрийнхөө төлөө гэдгийг ойлгоосой гэж хэлдэг. Өөрийнхөө ирээдүй,чадварын төлөө зуун хувь хичээгээд, сурч байгаа бүхнээ бүрэн авч үлдэх хэрэгтэй. Сурсан зүйл хэзээ ч илүүддэггүй. Тийм учраас надаас болон бусдаас сурч болох бүхнээ сайн асуугаад идэвхтэй суралцаад яваасай гэж хүсдэг.

-Та биеийн галбираа хадгалахын тулд аль спортоор хичээллэдэг бол?

Сүүлийн хэдэн жил спортоор хичээллэхгүй байж байгаад саяхан нэг сарын өмнөөс  гэнэт “Гоёл” болох гэж байгаагаа мэдээд л фитнесст яваад эхэлсэн. Миний бие дасгал хөдөлгөөн хурдан хүлээж авдаг. Багадаа спортоор хичээллэдэг байсан болохоор хурдан нөлөөлдөг байх. Хүний өсвөр насандаа сурсан сурсан зүйл бүр яс цусанд нь шингэдэг юм болов уу.

-Одоо оролцохоор төлөвлөсөн олон улсын тэмцээн бий юү?

Загвар уу, мисс үү гэдгээс шалтгаална. Олон улсын загварын шоунд бол байнга л оролцдог. Цаашдаа ч орох байх. Харин миссийн тэмцээнд бол одоо оролцохгүй ээ.

Өмнө нь загвар өмсөгч залуу насны ажил гэж боддог байлаа. Гэхдээ хангалттай удаан хугацаагаар ажиллаж болдог юм аа гэдгийг топ модел Д.Болормаа, Э.Одгэрэл нар харуулж байна шүү дээ. Таны хувьд хэд хүртлээ загварын тайзан дээр байна гэж боддог вэ?

Мэдээж энэ хоёр хүнээс би олон зүйлийг харж байна. Биеэ зөв авч явах, царай зүсээ анхаарч гоё авч явбал боломжтой гэдгийг ойлгож авсан.

Би хэдий болтол эрэлттэй байна тэр хүртлээ загвар өмсөнө.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *