Ц.Бээжин: Оюутолгой ордоо барьцаанд алдах эрсдэл байгааг сонсголын үеэр ярьсангүй


Монгол Улс “Рио тинто”-той байгуулсан Оюутолгойн гэрээндээ 7 жил тутамд өөрчлөлт оруулах эрх бий. Энэ боломж 2025 онд тохиож байгаа бол 7 жилийн өмнөх боломж 2018 онд тохиож байсан билээ. Хэдийгээр тухайн үедээ Монгол Улс энэ боломжоо ашиглаагүй ч гэлээ тухайн үед УИХ-аас дэд ажлын хэсэг байгуулж, Оюутолгойн гэрээний асуудлыг судалж байсан түүхтэй. 5 чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн нэгэнд буюу төсөв санхүүгийн ажлын хэсэгт шинжээчээр ажиллаж байсан судлаач Ц.Бээжинтэй ярилцлаа.

-Та өнгөрөгч 7 хоногт болсон Оюутолгойн сонсголд ажиглагчаар оролцлоо. Та яагаад энэ сонсголд оролцсон юм бол?

-Би өнгөт металургийн салбарын судлаач инженер хүн. Мэргэжлийн хүний хувьд, дээр нь би өөрөө Өмнөговь аймгийн хүн болохоор Оюутолгойн гэрээг эхнээс нь анхаарч сонирхож явсан. Айвенхоу майнз, Туркойз хилл, Онтрэ зэрэг Оюутолгойтой холбогдсон гадаадын компаниуд олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй учраас мэдээллүүд нь ил байдаг. Энэ утгаараа би мэдээллүүдэд нь эхнээс нь ажиглалт хийж явсан.

-Сонсгол 3 өдөр хуралдлаа. Шинжээчдийн мэдээлэл, гэрчүүдийн тайлбарыг та сонссон байх. Өөрөө энэ чиглэлээр судалгаа хийж явсан хүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ?

-Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол шүү дээ. Сонсголын үеэр яригдсан нэг асуудал нь манай улс яагаад Оюутолгой ордын 34 хувийг эзэмших болсон бэ гэдэг асуудал. “Рио тинто” компани тухайн үед Казахстан улстай мөн ашигт малтмалын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. “Кизилл голд” нэртэй алт, зэсийн төслийг ил болоод далд уурхайн төслийг  Казахстан улстай “Рио тинто” хамтран хэрэгжүүлсэн. Гэхдээ хувь эзэмшил нь хоёр тал 50, 50 хувиар тохирсон. 2007-2008 онд эхэлсэн төсөл. Казахстан улсын хувьд “Рио тинто”-гоос зээл олгохдоо  LIBOR + 3 хувь, гэтэл Монгол Улсад олгосон зээлийн хүү LIBOR + 6,5 хувь. Казахстан манай улстай улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын хувьд тун ойрхон шүү дээ.

Гэтэл 3,5 хувийн зээлийн хүүгийн зөрүүтэй гээд бод. 2011 онд Рио Тинто компани Индонез зэрэг өөр бусад улстай хийсэн хувь нийлүүлэгчдийн гэрээнд зээлийн хүүг 3,25 хувиар хийсэн байгаа юм. Монгол улстай гэрээ хийхдээ байгуулсан гэрээндээ зээлийн хүүгээ 2 дахин өндөр тогтоож байхад манай улсын төр засгийн удирдлагууд ижил төстэй улсуудтай хийсэн зээлийн гэрээний хүүг хэдээр тогтоож байгааг судлалгүй гэрээ хийж боломжоо алдсан юм байна гэдгийг харж болно. Мундаг л хэл улстай том хүмүүс гэрээ хийсэн баймаар юм. Гэтэл гудамжинд явж байгаа би ийм мэдээллийг интернэтээс олж авч болж байна. Хэрвээ би гэрээ хийхээр оролцсон бол бусад улсуудад байгаа зээлийн хүүтэй ижил нөхцөлтэй байя гэж л тулгах байсан.

-Одоо хувь эзэмшлийн асуудлыг ахин өөрчилж болохгүй байх?

-Сонсгол дээр Оюутолгойн өр Монгол улсын нийт гадаад өрийн 50,2 хувийг эзэлж байгааг хэлсэн. Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээг Монгол банк болоод Олон улсын валютын сангийнхны мэдээлж байгаагаар 40 тэрбум ам доллар гэсэн. Тэгвэл үүний тэн хагас нь буюу 20 тэрбум нь Оюутолгойн өр юм байна. Өрийн бүтцийг авч үзвэл үндсэн зээл, хүү, хүүгийн хүү гэсэн бүтэцтэй. Оюутолгойн анхны гэрээнээс бид 12 тэрбум долларын өртэй. Харин үлдэгдэл 9 тэрбум долларын өр Дубайн гэрээнээс буюу 3 дахь этгээдээс авсан санхүүжилт гэсэн үг. Эхний 12 тэрбум долларын өрийг толгой компани болох Рио Тинто компаниас охин компани болох  Оюутолгой компанид  олгосон зээл. Тиймээс ямар нэгэн барицааны асуудал яригдахгүй. Харин тэр 9 тэрбум долларын зээл бол барицаатай зээл гэдгийг бид мартаж болохгүй. Гадаадын 15 банкнаас 4,6 тэрбум долларын зээл авсан нь өнгөрсөн хугацаанд зээлийн хүү, хүүгийн хүү нь нэмэгдээд 9 тэрбум доллар болчхоод байна. Би энэ бүхнийг ярьж байгаа шалтгаан нь Монгол улс арай хэтэрхий хэлмэгдсэн байна шүү дээ гээд хамтарч ажиллаж байгаа талдаа асуудлаа тавьж зээлийн хүүгээ буулгахаар л хичээх хэрэгтэй гэх гээд байгаа юм. Ядаж бусад улсын жишгээр зээлийн хүү тооцуулбал зардал хамаагүй буурах боломжтой байна. Нотлох баримттай учраас няцаахын аргагүй, буцаахын аргагүй санал болно шүү дээ.

-Та сая Оюутолгойн зээлийг дотор нь задалж ярилаа. Барицаатай гэдэг үг их анхаарал татаж байна?

-Иргэд санаж байгаа бол бид Эрдэнэтийнхээ 51 хувийг Стандарт банкинд хураалгах аа алдсан даа. 50 сая долларыг улсын нөөцийн сангаас гаргаж байж Эрдэнэтийн төрд байсан 51 хувиа алдалгүй авч үлдсэн түүх бий. Тэр их мөнгийг барицаа тавьж байж л авсан байж таарна. Тэгэхээр Дубайн гэрээг байгуулж зээл авахдаа яг ямар нөхцөлтэй барицааны гэрээ байгуулсан талаар тодорхой ярихгүй байна. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний 12 тэрбум долларын зээл бол барицаагүй зээл.

Харин Дубайн гэрээг байгуулсны дараа 15 банкнаас авсан 9 тэрбум долларын зээл чинь 10-аад төрлийн барицааны гэрээгээр баталгаажсан барицаатай зээл. Бид Дубайн гэрээгээр Оюутолгойн ордоо барицаанд тавичихсан.

Сонсголын үеэр зээлийн хүү өндөр тухай, ногдол авах хугацаа хойшилж байгаа тухай л их сөхлөө. Улс төрчид ард түмэнд ногдол ашиг тараахын төлөө ажиллаж байгаа баатар болж харагдахад л анхаарлаа хандуулаад байна. Ногдол ашиг авах хугацаа хойшлох эрсдэл мөн. Гэхдээ мянга дахь эрсдэл шүү. Уучлаарай түүнээс том эрсдэл өнөөдөр Монгол улсын хаяанд тулаад байна. Монгол улсын тэргүүн зэрэгт анхаарах ёстой эрсдлийг сонсголын үеэр ярисангүй. Зээлийн барицаанд Оюутолгойн ордоо алдах эрсдэл. Хугацаа нь 2028 оны 6-р сарын 30.

Дубайн гэрээгээр 15 банктай гэрээ байгуулж зээл авсан. Тэр гэрээ бүрт  барицааны гэрээ бий.  Мөн гэрээ бүрийг өр шилжүүлэх гэрээ дагалдаж байгаа. Энэ гэрээний хугацаа 2028 оны 6 сард дуусах гэж байна. Би өр зээлээ төлж чадахгүй бол юун тэр ногдол ашиг вэ? Монгол улсын 34 хувь байхгүй болж зээлийн барицаанд хураагдана.

Бид Оюутолгойн ордын 34 хувийн эзэмшил, хувьцааг зээлийн барицаанд тавичихсан. Энэ бүхнийг Засгийн газар, Эрдэнэс Оюутолгой хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулсан шүү дээ.

-Ийм том эрсдлийн тухай яагаад сонсгол дээр ярисангүй вэ? Ногдол ашиг битгий хэл Оюутолгой ч үгүй үлдэх эрсдэл хаяанд тулчихсан байна шүү дээ?

– Сонсгол дээр огт ярисангүй. Сонсголын хүрээнд 200 гаруй нотлох баримтыг дэлгэсэн байна лээ. Тэр баримтуудын 144 дүгээрт ганцхан хуудас 2015 оны 5-р сард Дубайн гэрээ байгуулсан тухай дурдаад л орхисон байна. Гэтэл Дубайн гэрээний хүрээнд 15 банкнаас зээл авахдаа байгуулсан 30-40 гэрээг огт дэлгээгүй байгаа юм. Мэдээж нууц байх. Гэхдээ нууцад авсан байлаа ч барицааны гэрээний хүрээнд үүсэж болох эрсдлийг огт ярисангүй. Энд Монгол улсын ард түмний мэдэх эрх хангагдалгүй өнгөрлөө.

-Оюутолгойн сонсгол хамгийн чухал асуудлаа яриагүй өнгөрчээ гэдэг бодол төрж байна. Бараг үр дүнгүй сонсгол болчихлоо гэж дүгнэж болох уу?

-Өмнө нь нүүрсний сонсгол, утааны сонсгол, хөгжлийн банкны сонсгол гээд зөндөө сонсголыг парламентаас зохион байгуулж байсан. Сонсгол зохион байгуулж байгаа нь зөв боловч чухал асуудлаа ярилгүй орхиод байвал үр дүн ярих аргагүй. Сонсголоор хэн нэгнийг буруутгаж хариуцлага тооцох нь мянга дахь асуудал. Монголын ард түмний эрх ашгийг сайжруулах нь нэн тэргүүний асуудал шүү. Уг нь бол Оюутолгойн сонсгол дээр 9 тэрбум доллар зээлсэн 15 банкны төлөөллийг авчраад бидэнд барицааны ямар эрсдэл үүсэж байгааг сонссон бол илүү үр дүнтэй, эрсдлээс сэргийлэх боломжийг бүрдүүлж өгөх байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *