Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хууль зүйн байнгын хороогоор хийлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж … болохгүй …”, мөн зүйлийн 14 дэх заалтад “… шударга шүүхээр шүүлгэх … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. … Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн холбогдох дүгнэлтийг Улсын Их Хурал энэ оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзснээр энэ талаарх Улсын Их Хурлын 2025 оны 92 дугаар тогтоол батлагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болохоор тусгасан байна. Түүнчлэн хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулж, төслийн зүйл хоорондын нийцлийг хангасан гэв.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэхэд гишүүд тодруулга хийх, асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзлээ. Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул У.Отгонбаяр гишүүн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь буюу 73.3 хувийн саналаар дэмжсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
