100000 иргэний санал авсан 12 өргөдлөөс 1 нь ч шийдэгдээгүй байна


Иргэд хуулийн төсөл санаачлах боломжийг D-Parliament систем бүрдүүлсэн. Энэ боломжийг ашиглаж иргэдийн гаргасан өргөдлүүдээс 12 өргөдөл 100 мянган иргэний санал авч парламентаар хэлэлцүүлэгт орох боломж нь бүрдсэн ч дээрх хуулийн төслүүд тэр бүр их хурлын хэлэлцэх асуудлын дараалалд орж чадаагүй билээ. Тодруулбал иргэн Б.Батбилэгийн санаачилсан Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, иргэн Ш.Хүрэлтулгын санаачилсан НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналууд 100 гаруй мянган иргэнээс санал авсан ч парламентын анхааралд орж чадаагүй хаягдсан түүх бий. Харин шийдвэр гаргуулж чадаагүй ч парламентын босго давсан иргэний саналууд нэгээр тогтохгүй. Тухайлбал иргэн Б.Номингийн санаачилсан эмч багш нарын цалинг нэмэх, иргэн Р.Шинэгэрэлийн санаачилсан Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг 1 хувь болгох, иргэн Э.Баттөрийн санаачилсан Нийслэлийн тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах асуудлууд юм. Хамгийн сүүлийн жишээг дурдахад иргэн О.Батхүүгийн санаачилсан “Үл хөдлөх борлуулсны 2 хувийг татварыг хүчингүй болгох” хуулийн төсөл гэхэд өнгөрөгч 8-р сард 100 мянган иргэний саналыг авч УИХ-ын босго давсан ч өнөөг хүртэл уг саналыг хууль эрх зүйн хүрээнд шийдсэн зүйл алга байна. Уг нь бол хуулийн хугацаагаар бол 100 мянган иргэний санал авсан иргэдийн санаачилгуудыг 3 сарын дотор парламент хэлэлцэж шийдэх эсэхээ тодорхой болгох учиртай. Дээрх саналыг хэлэлцэж шийдэлд хүрэх хуулийн хугацаа дууссан бөгөөд намрын чуулган хаахад хагас сарын хугацаа үлдээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *