Австрали улсын Сидней хотын Бонди далайн эрэгт өнгөрсөн ням гарагт болсон халдлагын үеэр зэвсэгт этгээдүүдийн нэгийг үйлдэл дээр нь зогсоож, бууг нь булааж авсан хүнийг хүмүүс интернэт даяар “Баатар” хэмээн өргөмжилж байна. Уг баатарлаг эрхмийг эмнэлэгт хэвтсэний дараа эмчилгээний зардалд нь нэмэрлэхээр хүмүүс “Gofundme” платформоор дамжуулан, хандив цуглуулж эхэлсэн юм. Одоогоор хандивын дүн 1.2 сая ам.долларт хүрчээ.
Уг баатарлаг эрхмийг Аль Ахмед гэдэг. Тэрбээр өдгөө 43 настай, хоёр хүүхдийн эцэг. Тэр 2006 онд Сири улсаас Австралид цагаачлан ирснийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Зэвсэгт этгээд рүү дайрах үедээ тэрбээр 4-5 удаа буудуулж шархадсан юм. Түүнд олон удаа хагалгаа хийх шаардлагатай байгаа гэж “Australian Broadcasting Corp” мэдээллээ.
Түүний эмчилгээний зардлыг бүрдүүлэх хандивын аянд одоогоор 40 мянга гаруй хүн нэгдээд байна. Хамгийн өндөр дүнтэй 99,999 ам.долларын хандивыг “Pershing Square Capital Management”-ийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Билл Экман өгсөн байна.
Эх сурвалж: Euro News
