Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “Гоёл”-ыг Монголын дизайнеруудын холбоо 38 дахь жилдээ зохион байгуулав. “Гоёл” наадмын эрэгтэй “Топ модель”-оор шалгарсан Э.Сүхбаттай ярилцлаа.
-Юуны өмнө “Гоёл” наадмын топ моделиор шалгарсанд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайн байна уу? Баярлалаа. Топ модель гэдэг цол Монголын загварын ертөнцөд модел хүний хувьд үнэхээр том байр суурьтай, нэр хүндтэй шагнал. Энэ цолыг хүртсэндээ маш их баяртай байна.
-Загварын ертөнцөд анх хэрхэн хөл тавьсан тухайгаа яриач?
-Анх загварын ертөнцөд 5-6 жилийн өмнө яг хөл хорио эхлэхийн өмнөхөн хөл тавьсан. Тухайн үед би “Андра академи”-д моделийн сургалтад сууж эхэлсэн. Гэрээт модель болсны дараахан ковидоос үүдэлтэйгээр хөл хорьсон. Нэг жил орчим завсарлаад, буцаж ирэн жил орчим идэвхтэй ажилласан ч дахин богино хэмжээний амралт, чөлөөтэй явж байсан. Харин өнгөрсөн жилээс эхлээд, моделийн ажилдаа эрчимтэй анхаарч явна.
-Одоо агентлагт харьяалагддаг уу?
-Агентлагаас гараад удаж байгаа.
-Загварын тайзнаас ямар мэдрэмж авдаг вэ?
-Загварын тайзан дээр алхаж байх үед өөрийгөө илүү мэдэрч, шинэ мэдрэмж авдаг.
-“Гоёл”-д хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-“Гоёл” шоунд гурав дахь жилдээ оролцож байна. “Mongolia Elite”, “Toп донж”, “Кашмер” зэрэг загварын шоунд оролцож байсан.

-Ямар спортоор хичээллэдэг вэ?
-Өмнө нь би боксоор хичээллэж байсан. Боксын спортоор цаашид явах потенциал надад бусдаас илүү байсан гэж боддог. Гэхдээ ээж маань “Боксоор явбал толгой руугаа байнга цохиулна. Эрүүл мэндэд чинь муу” гэж санаа зовоод байхаар нь больсон. Одоо фитнессээр хичээллэж байгаа.
-Одоо алхаагаа хэрхэн бэлтгэдэг вэ?
-Гудамжинд алхаж байхдаа л бэлдчихдэг.
–Модел хүн тайзан дээр алхахдаа юунд анхаардаг вэ?
-Дизайнерын урт хугацаанд бодож, ур ухаан, мэдрэмжээ шингээн урласан хувцасны давуу талыг харуулах ёстой хүмүүс бол загвар өмсөгчид. Гэхдээ зөвхөн хувцас биш, биеийн хэлэмж, харц ч бас маш чухал үүрэгтэй.
-Тайзан дээр алхаж байх үедээ юуны талаар боддог вэ?
-Анх тайзан дээр сандарч байхдаа алхам болгоноо боддог байсан. Харин одоо нэг их боддоггүй. Өөрийгөө харуулж байгаа мэт байж л алхдаг болсон.
–Загвар өмсөгч хүний хувьд ямар том зорилго тээж байна вэ?
-“Гадаадын томоохон шоунуудад монгол эрэгтэй хүн яагаад алхаж болохгүй гэж…?” гэж боддог. Гадаадын загварын томоохон шоунд оролцож, өөрийгөө харуулах зорилготой.

