Г.Занданшатарын 2 дахь нүүр


Ардчилсан намын эхлүүлж, Л.Оюун-Эрдэнийн үргэлжлүүлсэн сайн жишгээс Г.Занданшатар татгалзлаа. Төрийн албыг цомхон болгох, төсөв хэмнэх тухай нэг нүүрээрээ ярьдаг Г.Занданшатар нөгөө нүүрээрээ дэд сайд томиллоо. Ерөнхий сайдын албан тушаалыг авсныхаа маргаашаас л дэд сайд томилохоо зарласан тэрээр хүссэн томилгоогоо хийж, ач хариулах өрөө дарж, санаа амрах янзтай. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр түүнд өнгөрсөн хугацаанд дэд сайд томилох боломж олгох нь байтугай өөрийнх нь Ерөнхий сайдын суудлыг дэнжигнүүлсэн. 6 сар дэнжигнэсний эцэст арайхийж суудал дээрээ тогтож үлдсэн Ерөнхий сайд одоо л санаснаа хийж, сарвайснаа авч эхэллээ.

Хамтарсан Засгийн газар 2024.07.17-нд анхны хурлаараа 16 дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Дэд сайдын албан тушаалыг тэр үед бүрмөсөн халаагүй. 16 хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь Г.Занданшатарт олз болж, дэд сайдын албан тушаалд дахин хүн томилох боломж олголоо. Хамтарсан Засгийн газрын үед дэд сайдын албан тушаалыг төсөв шимэгч, бэлэгний албан тушаал гэж үзэж байв. Гэвч Л.Оюун-Эрдэнийн хэрэггүй гэж үзээд далд хийсэн бэлгийг Г.Занданшатар авдрын мухраас гаргаж ирээд, 16 хүнд бэлэглэчихлээ.

Дэд сайдын албан тушаалыг сэргээх санаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэд сайдын асуудал хуульд байна лээ. Өмнөх Засгийн газрын үеийн орон тоо, төсөвтэйгээ байгаа юм билээ. Хэл ам, шүүмжлэлээс болоод томилоогүй. Дэд сайд нарыг үр дүнтэй ажиллуулах л асуудал. Гадаад харилцааны сайд гадаад явлаа. Гадаадын зочин ирлээ. Орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн байдаг. Засаг даргын ажил ч бас орлогчгүй бол явдаггүй. Орлогч сайд гэдэг Дэлхийн бүх улсад байдаг албан тушаал. Нэгээр тогтохгүй байдаг албан тушаал. Улс төрийн албан тушаал. Хэмнэх гэхээс илүү үр дүн юу байна, үр ашиг юу байна гэж судалж шийдэх ёстой. УИХ-тай зөвшилцөөд шийдэх ёстой асуудал” гэж 2025 оны 6-р сард Ерөнхий сайд болсныхоо дараахан хэлсэн юм.

Төрийн албыг цомхон болгох, төсөв хэмнэх тухай нэг нүүрээрээ ярьдаг Г.Занданшатар нөгөө нүүрээрээ дэд сайд томиллоо

Төсөв хэмнэх тухай ярьж явдаг Ерөнхий сайд энэ удаад 16 дэд сайд бий болголоо. Тэр бүхний тоогоор 16 туслах, 16 жолооч, 16 өрөө, 32 сандал ширээ гээд юм юм л хэрэг болно. Давхардсан, шаардлагагүй албан тушаалыг цомхотгож, хороо, зөвлөл мэтийн хэрэггүй байгууллагыг татан буулгаж байгаа Ерөнхий сайд нөгөө гараараа өөр албан тушаал бий болгож, улсын төсөв үрж эхэллээ. Нэмэгдэхүүний байрыг соливол нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй л юм даа.

Сайндаа ч биш. Хяналтын, бүтээмжийн менежерүүд бий болгохын тулд Л.Оюун-Эрдэнэ дэд сайдын албан тушаалыг үгүй хийсэн юм. Г.Занданшатар зөрүүлээд, түүний бий болгосон хяналтын, бүтээмжийн менежерүүдийн орон тоог халж, оронд нь дэд сайдын албан тушаалыг буцаан авчирлаа. Зориуд Л.Оюун-Эрдэнийн эсрэг юм хийгээд байгаа ч юм шиг.   

Түүний тайлбарласнаар сайдыг эзгүйд дэд сайд нар орлох нь ч орлоно. Хамгийн гол нь энэ хүмүүс дэд сайд гэх өндөр албан тушаалын сүр дор өөрийгөө олон нийтэд таниулж, дэд сайдын албан тушаалыг дараагийн сонгуульд бэлтгэх таниулах хуудас болгож ашиглана. Гол нь энэ. Өмнө нь дэд сайд байгаад, УИХ-ын сонгуульд өрсөлдөн, парламентад орж ирсэн 3 гишүүн одоогийн УИХ-д бий. Уул, уурхайн, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга одоо УИХ-ын гишүүн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар өнгөрсөн сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг 2024 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болсон.

2000 онд Н.Энхбаярын Засгийн газар дэд сайдын албан тушаалыг шагнал маягаар бий болгосон

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нарын 13 дэд сайд УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр намдаа хүсэлтээ гаргаж байлаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд нар өнгөрсөн сонгуулиудад нэр дэвшээд, өвдөг шороодсон хүмүүс. Дэд сайдын албан тушаалд дөрөөлөн, УИХ-ын танхим руу зүтгэдэг жим гарч, улам өргөжиж байгаа нь энэ.

Одоо дэд сайд болж буй эрхмүүд ч 2028 оны сонгуульд өрсөлдөнө. Одооноос мөнгөө бэлтгэж, зүсээ таниулна. Нэрээ харин ямраар таниулах юм бол доо. Намынхаа гал тогоонд зүтгэж, мөнгийг нь босголцож гүйснийхээ шагналыг дэд сайд болж авахын зэрэгцээ УИХ-ын сонгуульд бэлтгэх үндсэн дамжаагаа дүүргэдэг ийм баримт зөндөө. Өнгөрсөн сонгуулиар менежер болж ажилласан хүмүүс ирэх сонгуулиар менежер авч ажиллуулдаг.

2000 онд Н.Энхбаярын Засгийн газар дэд сайдын албан тушаалыг шагнал маягаар бий болгож, 2008 оны Засгийн газар бүр ч үржүүлсэн. Хамтарсан Засгийн газар 11 яамныхаа 3-т нь тус бүр 2 дэд сайд томилж байлаа. Ийн яам бүр дэд сайдтай болж, албан тушаалын хотол бялуу улам томорч, олон давхар болсон. МАН тэр бялуугаа одоо болтол хийсээр. Амтыг нь авсан, амтлахыг хүссэн хүмүүс сургийг нь хүлээн, сэм горьдох явдал ч тасарсангүй.

2015 онд Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газар 15 яамныхаа 17 дэд сайдыг чөлөөлж, дэд сайдгүй ажилласан. 2000 оноос өмнө дэд сайдгүй ажиллаж болж байсан, 2015 онд ч болсон. Харин одоо л болохгүй байна гэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *