Нэг ч удаа өөд нь татаагүй ДЦС-уудаа хувьчлах нь хэний эрх ашиг вэ?


Төрийн өмчит компаниуд үр ашиггүй ажилладаг гэдэг шалтгаанаар Засгийн газраас 100 гаруй өмчийнхөө 30 хувийг хувьчлахаар шийдсэн. Гэхдээ хувьчлах газруудын заримыг нээлттэй хувьцаа гаргах зарчмаар хэсэгчилж хувьчлах бол зарим компанийг бүхэлд нь дуудлага худалдаагаар борлуулна хэмээн тооцоолжээ. Төрийн өмчит компаниудад хулгай нүүрлэж, “дарга нарын халаасны хүмүүс хувалз шиг шигддэг” гэдэг шалтгааныг Засгийн газраас тайлбарлаж байгаа ч хувьд очих компаниудын үйл ажиллагааны чиглэл анхаарал татаж байна.

Тодруулбал, эрчим хүчний хувьд гадаадаас хараат Монгол Улс цахилгаан дамжуулах компаниуд, дулааны цахилгаан станцууд, нүүрсний уурхайгаа хувьд шилжүүлнэ гэдэг том эрсдэл дагуулах магадлалтай.

Нээлттэй хувьцаа гаргах зарчмаар хувьд шилжүүлэх компаниудад Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхайг хувьчлах бол Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс кредикал менералс, ДЦС-3, ДЦС-4, Эрдэнэтийн ДЦС, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Дарханы ДЦС, Амгалан ДЦС зэрэгт нэмэлт хувьцаа гаргаж иргэдэд эзэмшүүлэх гэнэ. Ингэснээр олон нийт, аж ахуйн нэгжийн хяналт бий болно гэж тооцоолж байгаа юм.

Дуудлага худалдаагаар хувьд шилжүүлэхээр төлөвлөж байгаа төрийн өмчүүдийн тухайд Шарын гол компани, Цемент шохойн үйлдвэр, Монгол шуудан, Багануурын ДЦС, Налайхын дулааны станц, Хөвсгөл дулааны станц, Ховд, Улаангомын дулааны станцууд багтаж байна.

Уг нь төрийн өмчийг хувьчлахдаа үйл ажиллагааг нь эрчимжүүлж ашигтай ажиллуулж байгаад үнэд хүргэх зарчим баримтлах учиртай. Харин Монгол Улсад энэ зарчмыг огт мөрддөггүй. Дулааны цахилгаан станцуудын хувьд үргэлж алдагдалтай ажиллаж ирснээс гадна төрөөс үнийг байнга барьж уршигт нь техникийн шинэчлэл ч огт хийлгүй шахам өдий хүрч байна. Цахилгаан, дулааны станцууд өнөөдрийг хүртэл туршлагатай инженер техникийн ажилтнуудын нуруун дээр дэнжигнэж ирснийг төр түмэнгүй нийтээрээ мэднэ. Тэгвэл төр энэ салбараа огт өөд нь таталгүйгээр  нээлттэйгээр дуудлага худалдаагаар худалдан борлуулах нь.

Нэг ёсондоо төр өөрийнхөө өмчийн үнэ цэнийг өсгөхийн төлөө огт ажиллаагүй бөгөөд харин ч үнэ өртгийг нь унагасан хойноо борлуулах, хувьчлах шийдвэр гаргалаа. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хувьчилдаг өмнөх тактик Г.Занданшатарын Засгийн газрын үед эргэн сэргэж байна уу?

Ашиггүй ажилладаг, үнэ өртгийг нь төрөөс барьчихсан Дулааны станцуудыг хувьчилж авах хувийн хэвшил олдох болов уу? Эсвэл дулаан цахилгааны монополчлол тогтоох сонирхолтой хэн нэгний захиалгаар энэ бүхэн өрнөөд байна уу?

Хахир өвлийн хүйтэнд монголчуудыг хөлдчихгүйхэн шиг өвөлжүүлэх үүрэг тун удахгүй төрийн нуруун дээрээс бууж, харин хувийн хэвшлийнхний гарт очих нь. Хэн нэгний хувийн өмчөөр хөлдөх хөлдөхгүйгээ шийдүүлэхийн тулд дулаан цахилгааны хэрэглээний төлбөртөө тавиу төсөв бэлтгэх үүрэг монголчуудын өмнө ирж байх вий?

Хүйтний эрч улам чангарсаар л байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *