“Тэнэг гичийнүүд” гэж хэлсэн Францын тэргүүн хатагтай шүүхэд дуудагджээ


Францын тэргүүн хатагтай Брижит Макрон шоу үймүүлсэн феминист эмэгтэйчүүдийг “Тэнэг гичийнүүд” гэж хэлж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан. Үүнтэй холбогдуулан, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг хэд хэдэн байгууллага түүнийг шүүхэд дууджээ.

Брижит Макрон өнгөрсөн долоо хоногт Парисын “Folies Bergère” театрт тоглолт үзжээ. Түүнийг өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан, жүжигчин, комедиан Ари Абиттантай тайзны ард ярилцаж байх нь хэн нэгэн уг үйл явдлыг нууцаар бичиж авсан байна.

Тухайн шоуны өмнөх өдөр нь феминист жагсагчид “Абиттан бол хүчирхийлэгч” хэмээн орилж, Ари Абиттаны шоуг тасалдуулсан байв. Брижит Макрон тайзны ард байхдаа Абиттанаас сэтгэл санаа нь хэр байгааг асуухад Абиттан “Би айж байна” гэж хариулжээ. Хариуд нь Брижит Макрон феминист жагсагчдыг “Тэнэг гичийнүүд” гэж хэлээд, “Тэднийг ахиад ирвэл хөөж гаргах хэрэгтэй” гэж зөвлөсөн аж. Энэ нь тэрхүү нууц бичлэгт тод буужээ.

Уг бичлэг цацагдсаны дараа феминист бүлгийн маш олон эмэгтэй түүнийг шүүхэд дуудав. Тус өргөдөлд 343 хүн гарын үсэг зурсан байна. 343 гэдэг тоо нь Францын феминизмийн түүхэн бэлгэ тэмдэг болсон тоо юм.

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон энэ талаар “Миний хэлсэн үг эмэгтэй хохирогчдод хүнд туссан бол уучлаарай. Гэхдээ би тэр үгийг хэлсэндээ харамсахгүй байна. Хэдийгээр Францын тэргүүн хатагтай ч гэсэн би бол эгэл жирийн л хүн. Тиймээс хувийн орчинд байх үедээ хувийн орон зайгаа эдэлмээр байна” гэж мэдэгдсэн байна.

Брижит Макронд доромжлуулсан феминист эмэгтэйчүүдийг олны танил хэд хэдэн эрхэм дэмжиж байгаагаа илэрхийлж, сошиал орчинд #salesconnes буюу #тэнэггичийнүүд гэдэг хаштагийг Брижит Макроны эсрэг ашиглаж эхэлжээ.

Эх сурвалж: Guardian


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *