Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ


Улсын Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдаж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т, 25.1.2-т заасныг үндэслэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох, шинээр бүлэг, зүйл, заалт оруулах зэргээр нэмэлт өөрчлөлт орсон учраас Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль батлагдсан 1995 оноос 2022 он хүртэл нийт үйлдвэрлэл 6.6 их наяд төгрөгөөс 28.5 их наяд төгрөг болж, Монгол Улсын эдийн засаг 4.3 дахин тэлсэн. Мөн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн тоо 1998 онд 7.8 мянга байсан бол 2022 оны байдлаар 79.4 мянга болж 10.2 дахин нэмэгдсэн. Түүнчлэн, эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн оролцоо улам бүр нэмэгдэж, хувийн хэвшлийн нэгдэл, зохион байгуулалтыг сайжруулан төрийн бодлого, хууль, дүрэм, журам, шийдвэр гаргах явцад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг төсөл санаачлагч онцолж байлаа.

Хуулийн төсөл нь 8 бүлэг 29 зүйлтэй бөгөөд төсөлд худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоог сайжруулах, чиг үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж. Тухайлбал олон улсын жишигт Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь тодорхой зохион байгуулалт, бүтэцтэй байгууллага бөгөөд улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг. Иймд цаашид бүс нутгийн зарчмаар бус, аж ахуйн нэгжүүдийн явуулж буй үйл ажиллагааны чиглэл, онцлог, салбар зэргийг харгалзан үзэж эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг салбарын танхим тухайн аймаг, нийслэлд аймаг, нийслэлийн танхим тус тус байгуулан ажиллахаар тусгаж, чиг үүрэг, уялдаа холбоог тодорхойлсон гэлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *