ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар 2025 оны 6 дугаар сараас хойш 6 сар ажилласан Д.Мөнх-Эрдэнийг Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн дэд сайдаар томилсон. Түүний оронд ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг тавьжээ.
УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд МАН-ын даргын тамганы төлөөх Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын тэмцлийн үеэр Г.Занданшатарыг дэмжиж байв. Тэр 2025.09.26-нд “Хууль засаглах уу, хулгайч засаглах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна” хэмээн хэвлэлийн бага хурал хийн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаар доорх мэдээллийг өгсөн юм.
УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд:
-Намдаа хайртай учраас өнөөдөр мэдэгдэл хийж байна. МАН-ын доторх идээ бээр хагарч байна ш дээ. Бүр тэсэхгүй болоод л гарч ирж байна.
Хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэхгүй байна гэдэг бол хууль хяналтын бүх зүйлээс хол, гар хөлөө шургуулж оролцдог ийм л ажил болсон. Энэ бүх шунал цаашаа хэтрээд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болно гээд явж байна.
Монгол Улс хөгжлийн 14 мега төсөл гэж зарласан. Гэтэл мега төсөл биш, мега хулгай болчхоод байна. 14 мега хулгай зохион байгуулж байна. Хил холбосон төмөр замаа хар. Нүүрс боловсруулах үйлдвэрийн төслөө хар. Үнэндээ 2 сая 2 мянга гаруй иргэний хувьцааг эзэмшиж байгаа Тавантолгойн орд гэж компанийн нэг хэсгийг “Админерал” гэдэг компанид газартай юутай хээтэй нь өөрийнхөө эзэмшилд шилжүүлээд явж болох уу?
750 гаруй тэрбум төгрөгийн тендерт ялангуутаа нүүрсийг нь хилээр гаргачихсан. Үүнийг хулгай гэхгүй юм бол юуг хулгай гэх юм бэ?
Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг. Бортээг гээд монгол хүн бүрийн хувьцаа эзэмшдэг ордыг цааш нь аваад явчихлаа. Энэ бол хулгай. Маргааш МАН хулгайч нарыг толгойдоо залах уу гэдэг сонголт хийнэ. Ц.Чулуунзагдгүй Д.Амарбаясгалан, Д.Амарбаясгалангүй Ц.Чулуунзагд гэж байхгүй.
Ш.Раднаасэдийн товч намтар
1998-2000 он ХЗДХЯ-ны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2000-2007 он Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст шинжээч, референт
2007-2009 он Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга
2009 он Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх
2010-2011 он МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх
2011-2012 он МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга
2012-2014 он МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга
2014-2015 он УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга
2015-2016 он Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
2016-2020 он Улсын Их Хурлын гишүүн
2016-2019 он УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга
2020-2024 он Улсын Их Хурлын гишүүн
2025 он Ерөнхий сайдын ахлах зөвлөх
