Улаанбаатар хотын Ногоон нуур орчмын гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэн, 1008 айлын орон сууц барьж буй гадаадын иргэдийг Гадаадын иргэн, харьяатын газар шалгажээ. Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор уг төслийг гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн аж. Гэвч эл төслийн талбайд гадаадын өөр олон иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нуусан, зугтаалгасан, төслийн нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ашиг олох зорилгоор тогтоолд заасан хаяг, байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн байна.
ГИХГ илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэгчид албан шаардлага хүргүүлж, төслийн удирдлагатай биечлэн уулзаж, холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн аж. Гэвч дараагийн шалгалтаар уг зөрчил дахин давтагджээ. Үүгээр зогсохгүй ГИХГ-ын хууль ёсны шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого удаа дараа хийсэн байна.
Иймд уг төслийн удирдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Яанг Яаогийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг ГИХГ хүчингүй болгож, нутаг буцаажээ. Гэтэл Яанг Яао визийн шаардлагаас чөлөөлсөн нөхцөлийн дагуу албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрч, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан байна. Түүнийг энэ удаад 3 жил Монгол Улсын хилээр оруулахгүй байх хугацаа тогтоон, Монгол Улсаас албадан гаргалаа.
Үүнтэй холбоотойгоор ГИХГ-ын хууль ёсны шийдвэрийг өөрчлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох зэргээр зүй бус үйлдлийг зарим хүн гаргаж байгааг ГИХГ өнөөдөр мэдээллээ.
