Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Уг үндсэн чиглэлийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгалаа.
Төрийн өмч эзэнгүйддэг, хулгайд идэгддэг байдлыг олон нийтийн хяналттай болгоход дээрх ажил хувь нэмэртэй хэмээн ЗГ-аас тайлбарлаж байна. Хувьцааг нь хувьчлах компаниудад Төрийн банк, Эрдэнэт үйлдвэр болоод ДЦС-ууд багтаж байгаа юм.
