Төрийн өмчит компаниудыг хувьчилбал 30,000 ажилтан, алба хаагчийн ажлын байр, цалин хөлсний асуудал яригдана


Төрийн өмчит компаниудын хувьчлалтай холбоотой Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар МҮЭХ-ноос өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир,

“МҮЭХ-ноос төрийн өмчит компаниудыг хувьчлахтай холбоотой тодорхой бодлогуудыг дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч 16 байгууллагад IPO зарлаж, нээлттэй хувьцаат компани болгох, 8 байгууллагыг 100 хувь зарахаар болсон. Ингэснээр тухайн байгууллагын засаглал, менежмент өөрчлөгдөнө. Ажилтан, алба хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгаатай холбоотой асуудал зайлшгүй хөндөгдөнө” гэв. Иймээс МҮЭХ-ноос дараах байр суурийг илэрхийлж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Тухайлбал, Засгийн газрын түвшинд, төр засгийн зүгээс тодорхой бодлого хэрэгжүүлэхээр бол тэр бодлогын өөрчлөлтөд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй талуудтай өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой.

Яг одоогоор нийт 26 ААН, байгууллагын засаглал өөрчлөх асуудал ярьж байна. Нийт 30 мянга орчим ажилтан, алба хаагчдын ажлын байр, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал. Тиймээс энэ өөрчлөлт хэрхэн явах вэ гэдгийг тодорхой хэлж ярих ёстой.

Засаглал өөрчлөгдсөн тохиолдолд ил тод, нээлттэй байдал, сахилга хариуцлага дээшилнэ гэсэн хүлээлт байна. МҮЭХ болон энэ 26 ААН, байгууллагын төлөөллүүдтэй Засгийн газар зөвшилцөхийг хүсэж байна. Хувьчлал хийсний дараа ажилчдыг олноор нь халах асуудал үүсэх үү, ард иргэдэд нээлттэй байж чадах уу гэх зэрэг асуудлыг ярилцах ёстой хэмээн энэ шаардлагаа Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байгаагаа Э.Тамир дуулгалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *