Монгол Улс 2025 оны эхний 11 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.0 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 13.7 тэрбум ам.доллар, импорт 10.2 тэрбум ам.доллар болж, тэнцэл 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Харин нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 /4.9%/ тэрбум ам.доллар, экспорт 856.5 /5.9%/ сая ам.доллар, импорт 379.0 /3.6%/ сая ам.доллар, тэнцэл 477.6 /11.9%/ сая ам.доллароор тус тус буурсан байна.

“Экспорт өмнөх оны мөн үеэс 856.5 сая ам.доллароор буурахад нүүрс 3.1 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 256.7 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 63.3 сая ам.доллар, хонь, ямааны мах 11.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн импорт өмнөх оны мөн үеэс 379.0 сая ам.доллароор буурахад ачааны автомашин 195.0 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 56.5 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 51.8 сая ам.доллар, автобензин 30.3 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 28.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн” гэж ҮСХ-оос мэдээллээ.
