Улаанбаатар хотын Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 6 эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 31-нээс түр нээгээд байгаа юм. Уг замыг асфальтаар хучиж дууссан ч явган хүний гарц хийгээгүй байна. Үүнээс улбаалж 11 дүгээр сард “Содон” хорооллын ард талын автозамд нэг хүн машинд дайруулж нас барсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Иргэн: Машинд дайруулаад аймшигтай болчихсон хүнийг шүүх эмнэлгийн машинаар авч явсан
Иргэн О өглөө ажилдаа явж байхдаа “Содон” хорооллын хойд талын автозам дээр хүн дайруулчихсан байхыг харсан гэнэ. Тэр энэ талаар “Өглөөгүүр явж байтал “Содон” хороолол орчмын автозамд цагдаа, шүүх эмнэлгийн машин ирчихсэн байсан. Юу болсныг харахад тэр хүн маш аймшигтай болчихсон, өнгөрчихсөн байсан. Түүнийг шүүх эмнэлгийнхэн аваад явсан. Энэ явдлаас болоод би “Содон” хорооллын оршин суугчдын группт “3 эгнээ замын 1 эгнээнд нь машинаа байрлуулснаас болж, хүн замаар гарахдаа машинд дайруулчихлаа” гэж сэрэмжлүүлж бичсэн.
Миний бодлоор 6 эгнээ замын 2 эгнээнд нь хүмүүс машинаа тавьчихаар хүн замаар гарахдаа ойр тойрноо харахгүй. Ингээд машинуудын дундаас гэнэт гүйж гараад, хурдтай явж байсан жолооч хурдаа хасаж чадалгүй тэр хүнийг дайрсан байх” хэмээн ярьсан юм.
Үүний дараа 11 дүгээр сарын 21-нд мөн ноцтой осол гарч хүмүүс гэмтжээ. Тухайлбал, “Приүс 30, “Lexus RХ” маркийн машин мөргөлдөж, машинд байсан 4 хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Энэ мэтчилэн осол нь тус замын аюулгүй байдал хангагдаагүйг удаа дараа сануулж буй. Гэтэл энэ ослын хажуугаар нийслэл, дүүргийн төлөөллүүд, нийслэлийн Автозамын газрын мэргэжилтнүүд нүдэн балай, чихэн дүлий өнгөрч байна.
6 эгнээ замд явган хүний гарц огт төлөвлөөгүй байна

21-р хорооллоос Гэмтлийн эмнэлэг хүртэл үргэлжлэх автозамд цаашид явган хүний гарц хийх эсэхийг “Монгол зам” группийн инженер Б.Нямдагваас тодруулахад “Энэ замын зураг төсөлд явган хүний гарц төлөвлөгдөөгүй. Цаашид Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй зөвшилцсөний үндсэн дээр гарц хийнэ. Одоогоор хаана, ямар байршилд нь гарц гаргах талаар судалж байгаа” гэсэн хариу өгөв.
Б.Жаргалдүүрэн: Уг замд осол гарч байгаа тул явган хүний гарц хийж өгөхийг хүссэн
Замын хөгжлийн газрын Гүүрийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс энэ талаар тодруулахад “Тус автозамд осол гарч байгаа мэдээлэл бий. Жолооч нар хурлаа тохируулаад явбал осол гарахгүй байх боломжтой. “Осол гарч байгаа тул явган хүний гарц хийж өгнө үү” гэх хүсэлт иргэдээс ирсэн. Хүсэлтийн дагуу бид 3 байршилд явган хүний гарц хийхээр төлөвлөсөн” гэв.
Үндсэн хуулийн 16.2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэтэл бодит байдал дээр энэ заалт хэрэгждэггүй. Одоогоос 5 жилийн өмнө Улиастайн уулзварыг Налайхтай холбосон автозамыг ашиглалтад оруулсан. Гэвч энэ замд хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдсөн. Учир нь тус замыг анх 5 гүүрэн гарцтай байхаар зураг төслийг нь баталсан ч “Төсөв хүрэлцээгүй” гэх шалтгаанаар гүүрэн гарц хийгээгүй. Тэр байтугай явган хүний гарцгүй байсан.
Үүнээс болж тухайн автозамаар хүмүүс гарахдаа том бетонон хашлага давж, цаашлаад осолд орох болсон юм. “Сар бүр л осол гардаг” гэж Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэд хэлж байсан удаатай. Хамгийн сүүлд буюу 2025 оны 4 дүгээр сард 12 настай хүү уг зам дээр дайруулж гэмтсэн. Үүний дараа 61 настай эмэгтэй машинд дайруулж нас барсан. Энэ мэтчилэн эл зам дээр хүн дайруулсан ослын хар мөр олон.
Эдгээр ослын дараа нийслэлийн Замын хөгжлийн газар тус автозамд хурд сааруулагч, гэрлэн дохио тавьж, явган зорчигчийн гарц хийсэн юм. Цаашлаад хоёр байршилд гүүрэн гарц барихаар зураг төсөл хийж байгаа аж. Эдгээр ажилд нийтдээ 8 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.
Зураг төслийн алдаатай зам тавьснаас болж хүний амь, эрүүл мэнд хохирсон. Тухайн автозам нь зураг төслийн алдаатай гэдгийг АТГ мэдэгдсэн. Хүний амьд явах эрх нэн түрүүнд тавигдах учиртай. Гэтэл яаруу сандруу, дутуу дулимаг хийсэн автозамд хүний амь, эрүүл мэнд ноцтойгоор хохирсны тод жишээ Улиастайгаас Налайх хүртэлх автозамд үлдсэн. Энэ алдаа 21 дүгээр хорооллоос ГССҮТ хүртэлх автозамд дахин давтагдах вий.
Тус замд хүний амь, эрүүл мэндэд эрсдэл учруулж болохуйц нөхцөл үүсжээ. Үүрийн гэгээ, үдшийн бүрийгээр машинтай зэрэгцэн зорчих иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй. Гялтайх гэрэлгүй энэ зам явган зорчигчийн хувьд эр зоригийн талбар болжээ.
Уг авто зам нь Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам юм. Тус авто замын зорчих хэсгийн өргөн 25 метр. Хоёр талдаа явган хүний 2 метр өргөн замтай байх ёстой аж. Гэвч зарим хэсэгт явган хүний зам тавиагүй, ажил дуусаагүй байна. Явган зорчигчийн зам болон Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү буух хэсэгт хийсэн гүүрийг 2026 оны хавар асфальтаар хучиж дуусгах юм. Ингэснээр улсын комисс хүлээн авч, бүрэн ашиглалтад орно. Хотын дарга түгжрэлээс улбаатай иргэдийн дайралтаас айж, гал намжаах зорилгоор түр хугацаанд уг замыг нээх чиглэл өгч, хүний амь, эрүүл мэндээр туршилт хийв үү.
Авто замын үзүүлэлт:


One response to “79 тэрбумаар барьсан 6 эгнээ замд ганц ч гарц алга”
Яармагийн замд ч бас гарц, хурд сааруулагч хийгээгүй байснаас олон хүн үхсэн биз дээ. Нуль алдаа хийх юмаа. Нисэхийн зам гэхэд ямар ч гарц байхгүй. Ядаж Өлзийт рүү салдаг зам хийхэд яадаг байнаа