Халдвар судлалын үндэсний төв ХДХВ-ийн халдвартай иргэдийг хяналтдаа байлгаж сар бүр вирусын халдварыг нь дарангуйлдаг эмээр хангаж, эрүүл мэндийг нь хянадаг байна. Санхүүжилт нь Глобал сангаас тавигдаж ирсэн ч хянах, эмчилгээний үүргийг ХӨСҮТ өнөөг хүртэл гүйцэтгэж ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 424 хүн ХДХВ,ДОХ-ын халдвараар оношлогдсон бөгөөд тархалтын прогнозоор 694 хүн өвчний халдвар тээж байх магадлалтай байгаа юм. Гэтэл уг өвчний халдвар тээгчдийн дундаас 12 хүн сүүлийн 3 жил ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албатай холбогдоогүй буюу вирус дарангуйлах эмчилгээндээ хамрагдаагүй байна. ХДХВ-ийн халдвартай иргэдэд вирус дарангуйлах эмчилгээ хийлгэснээр халдвар тархах эрсдлийг тодорхой хувиар бууруулах бололцоотой байдаг. Гэвч дээрх 12 иргэний хаяг, мэдээлэл өөрчлөгдөж ХӨСҮТ-ийн судлаачдын хяналтаас гараад 3 жил болсон ноцтой нөхцөл үүссэн болохыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд хүлээн зөвшөөрлөө. Тэрээр: “ХДХВ/ДОХ-ын халдвартай 12 иргэн ХӨСҮТ-ийн хяналтаас гарч, зохих ёсны эмчилгээгээ огт хийлгээгүй. Нэгэнт вирус дарангуйлах эмээ уухгүй байгаа учраас тэд халдвар тараах магадлал нь маш өндөр гэсэн үг. ЭМЯ тэднийг олж илрүүлэхэд хүч хүрэхгүй байгаа учраас Тагнуул, хүчний байгууллагаас тусламж хүсэж ажлын хэсэг байгуулсан” гэв.
Ж.Чинбүрэн: ХДХВ-ийн халдвартай 12 хүн 3 жил халдвар тараагаад явж байгаа гэсэн үг
