УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг чуулганд оролцсон гишүүдийн 54,8 хувь нь дэмжлээ. Төрийн өмчийг тэр дундаа стратегийн ач холбогдол бүхий обьектууд хувьчлах жагсаалтад багтаж байгааг шүүмжлэх гишүүд олон байсан ч парламент хувьчлах алхмыг 1 шатаар урагшлуулах сонголтыг хийж байна.
Эл асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлана гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК, “Шивээ овоо” ХК; “Багануур” ХК, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төсөлд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК; “Цемент шохой” ТӨХК; “Монгол шуудан” ХК; “Багануур дулааны станц” ТӨХК; “Налайхын дулаан станц” ТӨХК; “Хөвсгөл дулааны станц” ТӨХК; “Ховд дулааны станц” ТӨХК; “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.
“Эрдэнэс монгол” ХХК; “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК; “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК; “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ; “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ХХК; “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан юм.
