Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах 114 жилийн түүхтэй Гоожингийн өндөр гэдэг нэртэй түүхэн барилгыг энэ онд сэргээн засаж, тохижуулна. Энэ барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засна.
Барилгыг 900 саяар эзэд нь үнэлж, нийслэл 400 саяар авах санал тавьж байсан юм. Гурван жил шүүх дээр гацсан энэ асуудал нэг тийш шийдэгдэж “Гоожингийн өндөр” байшин нийслэлийн өмч болж өнгө төрхөө өөрчлөх нь.
Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан хоёр давхар Гоожингийн өндөр хэмээх барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас хамгаалах зорилгоор таван жилийн өмнө нийслэлийн хамгаалалтад авсан. Сэргээн засварлахдаа түүх соёлын үл хөдлөх дурсгалыг анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээх юм байна.
