Дубай явсан нийслэл, дүүргийн татварын дарга нарын асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнарантай уулзлаа.

Энэ үеэр Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран “Дубай руу нийслэл, дүүргийн татварын газрын дарга нар явах талаар надад танилцуулсан. Би Татварын ерөнхий газрын даргын хувьд үүнд татварын газрын ажилчин, албан хаагчдыг оролцуулахгүй гэж мэдэгдсэн. Мөн нийслэлийн Татварын газрын даргад гадагшаа явах томилолтыг Ерөнхий сайдын албан даалгавар, хэмнэлтийн хуулиар зохицуулж хэмнэхийг үүрэг болгосон тул гадагш явахгүй байхыг сануулсан. Гэтэл нийслэлийн Татварын газрын дарга “Дүүргийн татварын албаны дарга нарт гадагш явахгүй байх чиглэл өгнө” хэмээн яриад гарсан. Гэтэл маргааш нь Дубай явчихсан. Өнөөдрийн байдлаар ирээгүй байна. Нарийн мэдээлэл алга. Дубай явсан Татварын газрын дарга нарын зардал ямартай ч улсын төсвөөс, татвараас гараагүй. Бас өөрсдийнхөө мөнгөөр ч яваагүй байх” хэмээн мэдэгдлээ.
Иймд Ерөнхий сайд Г. Занданшатар ажлаа тасалж, Дубай явсан нийслэл, дүүргийн Татварын газрын дарга нарыг ажлаас чөлөөлөхийг үүрэг болголоо.
