Өвлийн жавартай өдрүүдэд инээд хөөр, хөдөлгөөн, дулаан уур амьсгалыг нэг дор цогцлоодог газар бол мөсөн гулгуурын талбай. Хүүхэд, залуус төдийгүй томчуудын ч чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх дуртай орчны нэг нь яах аргагүй каток юм.
Энэ удаа бид Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн мянгын гэр хороолол дунд байрлах Уулын нуур хэмээх нам гүмхэн цөөрмийн мөсөн талбайд зорьж очив. Хотын дуу чимээнээс зайдуу энэ газарт мөсөн талбайд гулгах хүүхдүүдийн баяр хөөр, залуусын инээд цалгисан уур амьсгалаар дүүрэн байв. Уулын нуур хэмээн ногоон өнгөөр тод бичсэн хаяг биднийг угтаж, шатаар доошлох мөчөөс л энэ орчин хүн бүхэнд танил санагдана. Учир нь энд Монголын уран сайхны “Нүдэн сондор” киноны зургийг авсан түүхтэй аж.
Хүүхэд, залуучуудад ээлтэй Уулын нуурын мөсөн гулгуур
Намар энд нууранд галуу, нугас гангалдан, завиар хүмүүс сэлж, залуучууд салхилж харагддаг сан. Харин өвөл болоод ч тэр үү, хүүхдүүд л мөсөн талбайд гулгаж харагдав. Энэ талбайд гулгах төлбөр 3500 төгрөг. Энэ нь бусад газрын катокоос хамгийн хямд гэнэ. Уулын нуурыг үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох “Хүүхдүүд 10-15 мянган төгрөгөөр өдөр бүр ирж тоглох чадахгүй. Манайд 3500 төгрөгөөр тоглохоос гадна хамгаалах хэрэгсэл, бээлий, тэшүүр үнэ төлбөргүй байдаг” гэв.

Уулын нуурын төв хэсэгт байрлах солонгорсон өнгөтэй ягаан байшинд хүмүүс дулаацах, хувцсаа сольж өмсөх боломжтой. Халуун уух зүйл, хөнгөн зууш ч худалдаж байна. Өвлийн улиралд иргэд, ялангуяа хүүхдүүдийн хувьд ая тухтай орчин бүрдүүлжээ.
Харин энд гулгаж буй хүүхдүүд “Энд ирж гулгах үнэхээр гоё. Нэг цаг тоглоод, дахиад ирж гулгана” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн иргэд “Манай гэр бүл Цайз 16-аас зорьж ирсэн. Намар энд завиар зугаалахаар ирдэг байсан. Харин энэ өвөл мөсөн гулгуурын талбайд нь анх удаа ирж байна” хэмээн ярив.
Гэр хороолол дундах сэтгэл татам кофе шоп
Шатаар дээш гарвал монгол гэр, хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой, тохилог мини кофе шоп байв. Кофе шопын цонхоор хот тэр чигтээ цэлийж, доорх нуурын мөсөн дээр наадах хүүхдүүд, орчны уур амьсгал бүхэлдээ нүднээ илхэн харагдана. Гэр хороолол дунд ийм сэтгэл татам, тухтай орчин бүрдүүлж болдгийг харуулсан нэгэн сайхан жишээ энэ байлаа.

Мөн жуулчдад зориулан барьсан монгол гэрт Уулын нуурын үүсэл, түүхтэй холбоотой мэдээллийг дэлгэжээ. С.Өлзийтогтохын ярьснаар кофе шоп ирэх 2 дугаар сараас бүрэн ажиллаж эхлэх юм байна.
