Аймгийн болон сумдын онцгой комиссоос танилцуулсан мэдээллээр аймгийн хэмжээнд нийт нутгийн 80 хувь цастай, 34 хувьд зудын өндөр эрсдэл үүссэн байна. Уянга, Нарийнтээл, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Өлзийт сумдад өвөлжилт хүндэрч, зарим сумын өвс тэжээлийн нөөц дуусчээ.
133.8 мянган толгой мал гадны 14 аймгийн 50 суманд отроор өвөлжиж байгаа талаар ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа бусад холбогдох албаныхан Өвөрхангай аймагт (2026.01.08-09) ажиллах үеэр хэллээ.
Өвс тэжээлийн аюулгүй нөөцийг аймгийн хэмжээнд 75 хувь, сумдын хэмжээнд 48 хувьтай бэлтгэл хангасан байна.
Сант сум нийт мал сүргийнхээ 40 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан. 10 сараас 12 сар хүртэл цас ихээр орж сумын нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн. 11 сарын 7-оос эхлэн мал бэлчээрлэх байдал хүндэрч малыг тэжээлд оруулж эхэлжээ. Малчдын гар дээрх өвс тэжээл дуусч, сумын аюулгүйн нөөцийг малчдад олгосноор өвсний нөөц дууссан гэдгийг сумын удирдлага танилцуулав.

Бэлчээрээс мал өвс идэх боломжгүй болсон учраас 500 гаран мал өлдөж хорогджээ.
Цаашид 4 сар гартал малыг тэжээх өвс тэжээлийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэхийг салбар яам, улсын онцгой комиссоос хүсэв. Түүнчлэн
сумын хүн эмнэлэг, цагдаагийн газар яаралтай дуудлагаар явах автомашингүй. Хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох, өвөлжилт хүндэрсэн сум, багууд, айл өрхийн хооронд зам гаргах, малын бэлчээрт хүрэх жим гаргах туулах чадвар сайтай техник хэрэгсэл, шатахуун, тослох материалын дэмжлэг шаардлагатай байгааг уламжиллаа.
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав Засгийн газраас өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн аймгуудад улсын нөөцөөс тэжээл олгох шийдвэр гарсан. Үүнээс Өвөрхангай аймагт 549тн тэжээл хуваарилсан. Тус нөөцийг аймгийн онцгой комиссоос татан авч сумдад хуваарилах ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгов.
МЭЕГ-аас Өвөрхангай аймгийн мал эмнэлэгт шаардлагатай эм бэлдмэл, санхүүжилтийн дэмжлэгийг шийдвэрлэж ажиллалаа.


