Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Энэ нь өмнөх оныхоос 2 дахин өссөн үзүүлэлт.
Урьдчилсан байдлаар ой, хээрийн түймэрт ойн 77 мянган га, хээрийн 870 мянган га буюу нийт 947 мянга орчим га талбай өртжээ. Үүний улмаас 370 орчим тэрбум төгрөгийн хохирол учрав. Эдгээр түймрийг унтраахад зарцуулсан зардал 185 дахин өсжээ. Бүртгэгдсэн түймрийн 63.5 хувийг иргэдийн дуудлага мэдээллээр, 32.9 хувийг сансрын зургаар, 3.6 хувийг нисдэг тэргээр тандан илрүүллээ.
Ойн түймрийг унтраахад давхардсан тоогоор онцгой байдлын байгууллагын 5300 гаруй алба хаагч, цэрэг, хууль сахиулах байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурынхан, иргэд нийлсэн 13.256 хүн оролцов. Тэд 2000 гаруй машин, техник хэрэгсэл ашигласан бол 3 нисдэг тэргээр нийт 55 удаа ниссэн байна. Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч 35-70 хоног түймрийн голомтод үүрэг гүйцэтгэжээ.
