Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо мал эмнэлгийн салбарын орон нутгийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах, төлөвлөгөөт санхүүжилтийг бүрэн олгохыг шаардан, өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал өрнүүлж эхэллээ. Энэ талаар Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг “Өнгөрсөн 2025 онд улс даяар хэрэгжүүлсэн төлөвлөгөөт дархлаажуулалтын ажлыг бүрэн гүйцэтгэсэн. Гэсэн ч уг ажлын санхүүжилтийн 60 хувийг одоог хүртэл авч чадаагүй, хүнд нөхцөл байдалтай байна. Жагсаалд 21 аймгаас 200 гаруй төлөөлөл оролцож байна. Манай эмч нар нийгмийн даатгал, татвар, банкны зээл зэрэг олон асуудалтай тулгарч байна” хэмээн хэллээ.
Харин жагсаалд оролцсон нэгэн эмч “Би мал эмнэлгийн салбарт 6 жил ажиллаж байна. Нэг айлд дуудлагаар очихын тулд шатахуун, унаа зэрэг бүх зардлаа өөрөөсөө гаргадаг. Малчнаас тодорхой хэмжээний төлбөр авдаг ч энэ нь хангалтгүй байдаг” гэв.



