Хамгийн олон жил оршин тогтнож байгаа, 314.872 гишүүнтэй, улсын нийслэлийн төвд 10 давхар байртай МАН хавар, зун, намар гэсэн 3 улирал дамнан хоорондоо тэмцэлдэж, намынхаа зовлонг улсын зовлон болгохыг та бид харлаа. 105 жилийн түүхтэй нам гэж хэлэхийн аргагүй байлаа. Энэ нам ийм байхад бусад намын тухай ярих ч хэрэггүй биз дээ.
Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намуудыг төлөвшүүлэх зорилгоор Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн мэдүүлж, парламент 2023.07.07-нд шинэчлэн баталж, 2024.01.01-нээс мөрдөж эхэлсэн. Хууль шинэчилснийг намууд нэг их тоосонгүй. Харин сонгуульдаа санааширч, УИХ, орон нутгийн сонгууль дамнан давхилдсаар 1 жил 6 сарын дараа буюу 2024 оны 12-р сард Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2026.01.01 болгож хойшлуулсан. Ингэхдээ “Бүх намд боломж олгоё” гэсэн тайлбартай. Гэвч угаас төлөвшөөгүй, эмц цэгцгүй явж хэвшсэн намууд УИХ-ын гишүүдийн энэ “сайхан сэтгэл”-ийг тоосонгүй.
Улсын дээд шүүхэд улс төрийн 37 нам бүртгэлтэй. Үүнээс 29 нь 2025 онд намынхаа үндсэн дүрмийг өөрчлөн шинэчилж, УДШ-д бүртгүүлэхээр 58 удаа ханджээ. Үлдсэн 8 нам дүрмээ өөрчлөн шинэчилж, дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаагүй байна. УДШ-д өргөдөл гаргасан намуудаас 1 нь л шинэчилсэн дүрмээ УДШ-д 2025 ондоо багтаан бүртгүүлж чадсан байх юм. Тэр нь Иргэдийн оролцооны нэгдэл нам. 6457 гишүүнтэй гэж СЕХ-нд тайлагнасан энэ нам УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнх. Тэр л намын дүрмээ зүй ёсоор нь шинэчилж, хөтөлбөрийг хуулийн дагуу боловсруулж чаджээ. Бусад нь барсангүй. 28 намын өргөдөл УДШ-ийн босгыг давж чадахгүй, 1-2 удаа буцсаар 2026 он гараад өнгөрсөн баасан гарагт АН, ИХ нам, МАН, Үндэсний ардчилсан нам, Их эв намын дүрмийг бүртгэв. Одоо бүртгүүлж чадаагүй 24 нам үлдэв.
Угаас төлөвшөөгүй, эмц цэгцгүй явж хэвшсэн намууд УИХ-ын гишүүдийн энэ “сайхан сэтгэл”-ийг тоосонгүй.
Уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд Улсын дээд шүүх 2024.02.23-нд 06 дугаар тогтоолоор “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ыг баталжээ. Уг журмаар улс төрийн нам байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон намын даргыг томилсон шийдвэрийг бүртгэх, бүртгэлээс хасах харилцааг зохицуулна. Мөн намыг идэвхтэйд, эсхүл идэвхгүйд тооцох, түүнчлэн намын нэрийн сан хөтлөх, тамга тэмдгийн хяналтын дугаар олгох зэрэг хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг нарийвчлан зохицуулж байна.
Намуудаас ирүүлсэн үндсэн дүрэм, хөтөлбөрийг УДШ хянаж, зөрчил, алдаа байвал тогтоол бичин өгч буцаадаг аж. Иргэдийн оролцооны нэгдэл нам, Иргэний зориг ногоон нам 5 удаа буцаад байна. 2026 он гарснаас хойш Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Ард түмний олонхын засаглал нам, Бүгд найрамдах намын шинэчилсэн дүрэм, хөтөлбөрийг УДШ буцаалаа. Үүний гол шалтгаан нь Улс төрийн намын тухай хуульд нийцээгүй заалт тусгаж байгаатай холбоотой аж.
314.872 гишүүнтэй, хамгийн олон жил оршин тогтнож байгаа, улсын нийслэлийн төвд 10 давхар байртай МАН хүртэл үндсэн дүрэм, хөтөлбөр, намын шинэ даргаа 2025 ондоо бүртгүүлж чадсангүй. 2026 онд бүртгүүлэв. Арга ч үгүй л дээ. Өнгөрсөн жил МАН юун хууль, дүрэм, хөтөлбөр манатай байлаа. Талцан тэмцэлдээд, тогоотой хоолоо булаацалдаж байлаа. Арайхийж асуудлаа дундаа хийчхээд цаглавар хартал 2025 он дуусах дөхөж байсан юм чинь. Тэгж тэгж даргаараа Н.Учралыг сонгож, намын үндсэн дүрэм, хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулан, бүртгүүлэхээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар 2025.12.17-нд УДШ-д өргөдөл гаргасан юм.
Энэ 8 намыг идэвхгүйд тооцох уу, бүртгэлээс хасах уу, татан буулгах уу?
201 мянган гишүүнтэй АН үндсэн дүрэм, хөтөлбөрөө бас л 2026 бүртгүүлсэн бол даргаа 2025 онд бүртгүүлчихсэн. Тус намын даргаар О.Цогтгэрэл сонгогдсоныг УДШ 2025.09.18-нд бүртгэж авсан юм.
Бусад 24 намын тухайд дарга нь солигдоогүй учир дүрэм, хөтөлбөрөө л бүртгүүлэх шаардлагатай. Гэвч хэдэн нам хэзээ бүртгүүлэх бол?
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2025.12.31-ний дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байна. Үүний дагуу 29 нам УДШ-д ханджээ. Дүрэм, хөтөлбөрөө шинэчлээгүй 8 нам тэгэхээр татан буулгахыг үг дуугүй зөвшөөрсөн гэсэн үг. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөрдөж эхлэх хугацааг хойшлуулах тухай 2024.12.13-нд УИХ хэлэлцэж байхад Ө.Шижир гишүүний асуултад Н.Учрал “Төслийг батлаад, хэрэгжүүлсний дараа цаг хугацаандаа дүрмээ шинэчлээгүй, хуулиа мөрдөөгүй намыг бүртгэхгүй. Иймд намууд хариуцлагатай байх ёстой” гэж хариулсныг сануулъя.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн 2023 онд 5Ш ажиллагаа явуулж, “Шилэн ажиллагаа”-гаар намуудын санхүүжилтийг ил болгохыг зорьсон ч ердөө 6 нам л хүлээж авсан. СЕХ-нд 2024 оны санхүүгийн тайлангаа 23 нам өгсөн. Санхүүжилт байхгүй бол байхгүй гэдгээ л хэлнэ биз. Тэгтэл 14 нам таг. Санхүүжилтээ нуудаг, хурлаа хугацаанд нь хийдэггүй, сонгууль дөхөхөөр сэрдэг, бусад үед унтаа энэ олон намд алдаагаа засах, шинэ хуульд дүрэм, хөтөлбөрөө нийцүүлэх боломжийг хангалттай өглөө. Улс төрийн намын хуулийг У.Хүрэлсүх гэдэг хүн ганцаараа шинэчлээгүй. Парламентад суудалтай, суудалгүй олон намыг оролцуулан, удаа дараа зөвшилцөж, саналыг нь авсан. Тэгээд байхад л бүртгүүлэх хугацаагаа өнгөрөөчихлөө.
Дүрмээ шинэчлэх эсэх сонголтыг намуудад сайн дурын хэрэг болгон үлдээж, янзыг нь үзэж байгаа юм уу хаашаа юм
Энэ 8 намыг идэвхгүйд тооцох уу, бүртгэлээс хасах уу, татан буулгах уу? Үүнийг зохицуулсан хууль алга. Улс төрийн намын тухай хуульд ч, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд ч тийм заалт алга. Дүрмээ шинэчлээгүй гэдэг шалтгаанаар намыг идэвхгүй болгохгүй, татан буулгахгүй юм байна. Тэгэхээр өнөө нэрнээс цаашгүй намууд цаасан дээрээ оршсоор байх нь.
Гэтэл нам гэдэг нэгдлийг инститүц болгож, улс төрд бодлогын өрсөлдөөн үүсгэхийн тулд Улс төрийн намын хуулийг шинэчилсэн. Өрсөлдөөнт парламент өнөөдрийн Монголыг өөд нь татна гэж найдсан. Гэвч өөд нь татаад ч өөдлөхгүй намууд байх юм.
Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх нь зүгээр л хийхээ олж ядсан хүний ажил байсан болж таарлаа. Дүрмээ шинэчлэхгүй бол яах вэ гэдгийг бодож үзэлгүйгээр хууль баталчихдаг УИХ байсаар л байна. Гишүүний тоо 76 байхдаа баталсан энэ хийтэй хуулийг 126 гишүүн нь ч харсангүй дээ. Дүрмээ шинэчлэх эсэх сонголтыг намуудад сайн дурын хэрэг болгон үлдээж, янзыг нь үзэж байгаа юм уу хаашаа юм. Хууль гэдэг чинь уг нь сонгож хэрэглэдэг зүйл биш л юм сан.
