Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС болон ДХИС-ийн багш нарыг хүлээн авч уулзлаа. ДХИС-ийн Цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баттөрийн санаачилгаар ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, дэд профессор Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нар хотхон, хорооллын гаднах бүх төрлийн хаалтыг онгойлгодог чипийг зохион бүтээжээ. Эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн уг чипийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дэмжин БЗД-т гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг 100 байршилд суулгаж туршсан байна. Энэ хугацаанд цагдаа дуудлага авсан даруйд цаг алдалгүй хотхон, хороололд нэвтэрч, гэмт хэрэг, зөрчилд түргэн шуурхай арга хэмжээ авч, таслан сэргийлсэн гээд олон эерэг үр дүн гараад буй.

Иймээс нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө санаачилга гаргасан эрдэмтэн багш нарт талархаж байгаагаа илэрхийлэв. Монгол эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн уг чипийг нийслэлийн 9 дүүргийн бүх хотхон хороололд суурилуулах нь цаг үеэ олсон зөв ажил. Энэхүү тусгай чипээр зөвхөн цагдаа гэхгүй эмнэлэг, онцгойгийн бүх машин шууд нэвтэрдэг байх хэрэгтэй хэмээн онцлов.
Мөн нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1288 автомат хаалт байгаа гэх судалгаа байна. Цаашид автомат хаалт нийлүүлж суурилуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, багш нарын уг бүтээлийг илүү боловсронгуй болгоход Мэдээлэл технологийн аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа. Нийслэлийн зүгээс монгол эрдэмтэн, багш нарын бүтээлийг дэмжин ажиллахаа илэрхийлж багш нарыг Нийслэлийн хүндэт тэмдгээр шагнав.


