2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирсон байна. Үүний 18 нь насанд хүрээгүй хүүхэд бол 132 нь 18-аас дээш насныхан байгаа юм. Мөн ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 30.3 хувиар өсжээ.
Тээврийн прокурорын газраас зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан ба шүүхэд шилжүүлсэн хэргээс анхан шатны шүүх 18 хэрэгт тэнсэх, 49 хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Одоогоор 75 хэрэг шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж. Түүнээс гадна судалгааны дүнгээс үзэхэд “Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон” хэрэгт бүрэн дунд болон дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ.

Хүйтний улиралд замын нөхцөл байдал хүндэрч, халтиргаа, гулгаа ихтэй нөхцөл байдлыг харгалзан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх, жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг ханган хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
