“Иран дахь жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 2000 давсан” гэж Иран дахь хүний эрхийн байгууллага мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Тусламж очиж байгаа” гэж мэдэгдсэн байна.
Иранд 12-р сарын 28-нд эхэлсэн Засгийн газраа эсэргүүцэх жагсаал 17 дахь хоногтоо үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр эсэргүүцлийн жагсаал хурц хэлбэрт шилжиж, жагсагчид цагдаа нартай мөргөлдсөнөөр нэг өдрийн дотор хүмүүс зуу зуугаараа амиа алдаж байгаа тухай мэдээлэл гарч байв. Улмаар өнгөрсөн бямба гарагт Ираны Засгийн газар улс даяарх интернэт сүлжээг хааж байлаа.
АНУ-д байрлалтай хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээний агентлаг HRANA мягмар гарагт “Иран дахь жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 1850-д хүрсэн” гэж мэдэгдсэн бол, Ираны нэгэн эрх баригч 2000 давсан гэж мэдээлжээ.
Трамп мягмар гаргийн орой хурал хийж, Иранд амиа алдсан хүмүүсийн нийт тооны талаар баттай мэдээлэл сонсохоор болсон байна. Өчигдөр өглөө Трамп “Truth Social” платформ дээр “Ираны эрх баригчид жагсагчид хөнөөснийхөө төлөө хатуу шийтгүүлэх болно” гэсэн бол мөн жагсагчдад хандан “Үргэлжлүүлэн жагсаад байгаарай” гэж уриалжээ. Мөн Трамп Ираны жагсагчдад хандаж “Тусламж очиж байгаа шүү” хэмээн мэдэгдсэн байна.
Иран дахь жагсаал ойрын өдрүүдэд намжих шинжгүй байгаа болохоор Трамп уг жагсаалыг намжаахын тулд АНУ-ын армийг Иран руу илгээж магадгүй нөхцөл байдал үүслээ.
Эх сурвалж: BBC
