Гунигтай ч юм шиг нэртэй нэгэн шинэ аппликэйшн Хятадад шуугиан дэгдээж байна. “Are You Dead?” буюу “Үхээгүй биз дээ?” нэртэй тус аппликэйшнийг ганцаараа амьдардаг хүмүүст зориулжээ.
Хэрэглэгч хоёр хоног тутамд аппликэйшн рүүгээ нэвтэрч, амьд мэнд байгаагаа бусдад мэдэгдэх товчлуурыг дарна. Хэрэв хоёр хоног тутамд тэр товчлуурыг дарахгүй бол таны яаралтай үед холбоо барих дугаар луу уг апп холбогдож, таныг асуудалд орсон эсэхийг лавлан, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилготой юм байна.
“Үхээгүй биз дээ?” апп өнгөрсөн оны тавдугаар сард сүр дуулиан багатайгаар, даруухан нээлтээ хийсэн боловч олны анхаарлыг ихээр татжээ. Ялангуяа сүүлийн хэдэн долоо хоногт залуусын дунд тэсрэлттэйгээр гарч ирсэн байна. Хятадын өнцөг булан бүрт ганцаараа амьдардаг залуус уг аппликэйшнийг сонирхох нь нэмэгдэж, хамгийн олон удаа татагдсан аппликэйшнээр хүртэл тодорчээ.
Хятадад ганцаараа амьдардаг хүмүүсийн тоо 2030 он гэхэд 200 саяд хүрнэ гэж “Global Times” мэдээлсэн байна. Сэтгэлээр унасан, интроверт буюу дотогшоо зан авиртай, ажилгүй гэх мэт ямар нэг байдлаар ганцаараа амьдардаг, эмзэг нөхцөл байдалд байгаа хүн бүрт тус аппликэйшн хэрэгтэй гэж хэрэглэгчид нь онцолсон байна.
Тэд хэрэглэгч олонтой болсон ч “Are you dead?” буюу “Үхээгүй биз дээ?” гэдэг сөрөг утга агуулгатай нэр нь маш их шүүмжлэл дагуулж байгаа аж. Тиймээс тус апп-ийн нэрийг өөрчлөх тухай бүтээсэн компани нь бодож байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC
