Дархан-Уул аймагт байрлаж буй ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газар өчигдрөөс сандал, ширээгээ Улаанбаатарын дугаартай ачааны машинд ачаад Улаанбаатар хот руу зөөж эхэлсэн. Үүнийг ЖДҮГ-ын дарга ийн тайлбарлалаа.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:
-Манай агентлаг 46 орон тоотой. Тал нь Дарханд ажиллаж байна. Өнөөдөр ч тэндээ ажиллаж байгаа. Улаанбаатарт ажиллаж байгаа хэсэг маань бас эндээ ажиллаж байгаа. ЖДҮГ бүгд нүүнэ гээд сандал, ширээ бүх юмаа Дарханд аваачсан байсан. Улаанбаатарт үлдсэн хүмүүс маань бусдын сандал, ширээн дээр ажиллаж байсан. Түүнээс хойш нэлээд хугацаанд ажиллачихлаа. Нөгөө байгууллага бас сандал, ширээгээ авъя гэсэн. Тиймээс Дарханд байгаа хоосон сандал, ширээгээ авчирсан. Түүнээс нүүж суусан ямар ч асуудал байхгүй.
ЖДҮГ бол ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 1-2% нь л Дарханд байгаа. Улаанбаатарт 72% нь байдаг юм. Бусад аймагт 20 гаруй хувь нь бий. 98-99% нь Дарханаас бусад хот, сууринд байгаа. Төр өөрөө ард иргэддээ ойрхон, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх ёстой. Тэгэхээр Улаанбаатарт бид ажиллахаас өөр аргагүй.
УИХ, ЗГ-ын тогтоол гарсныг бид биелүүлэхийг хичээж байгаа. Хэдийгээр бид нүүхээр төлөвлөөд явсан боловч Улаанбаатар хотод манай ЖДҮГ-ын тодорхой хэсэг нь ажиллахаас өөр аргагүй.
