Г.Занданшатар: Бидэнд улс орныхоо эдийн засгийг аврах өөр сонголт байгаагүй


Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр нийслэл болон 21 аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга нартай Төрийн ордонд уулзаж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Экспорт буурахад нөлөөлсөн зүйл бол нүүрс. Монгол Улсын орлогын гол эх үүсвэр болсон нүүрсний экспорт 2025 онд 44 хувиар буурсан. Гэхдээ Засгийн газар Эрдэнэставан толгойд БЭТ томилж, онц байдал зарласнаар экспортын хэмжээг богино хугацаанд өсгөж чадсан. Нүүрсний экспорт багасахад улсын төсөв, нийгмийн хөгжил дарамтад ордог. 2016 оноос хойш эдийн засгийн өсөлт нүүрсний экспорт, өсөлт дээр тулгуурлаж байсан гэхэд хилсдэхгүй. Улсын төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр буурсан. 2025 оны эцэст 3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэлтэй нүүр тулсан. Төсвийн зардал эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Тоо худал хэлдэггүй. Ажил ямар гараанаас эхэлсэн гэдгийг харуулж байна. Төсөв тэлж байхад мөнгө тараах шиг сайхан юм байдаггүй. Мөнгөтэй байхад бүх асуудлыг шийдэж болдог.

Харин мөнгөгүй үед төр өөрөө бүсээ чангалж, эрс шинэчлэл хийхээс өөр сонголт байгаагүй. Төсөвтэй холбоотойгоор тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн. Бидэнд улс орныхоо эдийн засгийг аврах эндээс өөр сонголт байгаагүй. 168 даргын орон тоог танаж, 28 үндэсний хороо, 54 агентлагийг нэгтгэсэн. Аймаг орон нутаг бүсээ чангалж, үүний ард гарч чадлаа. Зөвхөн яамдын төсвөөс 40 тэрбумыг хэмнэсэн. Бүх салбарт жигд танасан гэдгийг хэлье. Харин хөдөө орон нутагт бага дарамт учруулахыг хичээлээ. Энэ нэг удаагийн арга хэмжээ бус. Цаашдын бодлого, үр дүнг санхүүжүүлэх Засгийн газрын зарчимд нийцнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *