Валютын нөөц тогтвортой байгааг төв банкнаас мэдээлж байгаа. Тэгвэл энэ нөөц Монголчуудын амьдралд ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Н.Ууганбаатартай ярилцлаа.
-Эдийн засаг сайнгүй л байх шиг мэдрэгдэх юм. Гэтэл Монголбанкнаас валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай зарлаад байдаг. Валютын нөөц яг эдийн засаг ямар байгааг тодорхойлдог хүчин зүйл мөн үү?
-Төв банкны Ерөнхийлөгчийн гаргасан дотоод журмаар гадаад валютын нөөцийг мэдээлэхдээ 3 зүйлийг үндэслэх ёстой гэдэг. Нэгдүгээрт активыг, хоёрдугаарт пассивыг. Одоо яриад байгаа 7 тэрбум доллар гээд байгаа дүн актив. Тэгээд актив пассив хоёроос богино хугацаат өр төлбөрөө хассан байдлаар буюу цэвэр дүнг нь мэдээлэх журамтай байдаг. Төв банкны статистик руу орвол зөвхөн актив нь харагдана. Нөгөө хоёр дүнг гаргаж авахын тулд доод талынх нь статистик руу ороод эксел файлыг татаж аваад тэгээд бараг өөрөө гараараа шахам хасаж байж дүнг нь харах бололцоо бүрддэг. Үүнээс болж ямар тодорхой бус байдал үүсдэг гэхээр улс төрийн эгзэгтэй үед юм уу эсвэл засгийн газар солигдох үед төв банкны нөөц чинь 7 тэрбум биш шүү дээ яг үнэндээ хасах шүү дээ гэдэг яриа гараад байдаг. Өнгөрсөн жил төв банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар хоёр өөр дүн хэлээд зогсож байсан жишээ хүртэл гарч л байсан. Шинэ томилогдсон Ерөнхий сайд нь хүртэл бүүр өөр дүн хэлсэн байдаг. Шалтгаан нь юу вэ гэхээр богино хугацаат өр төлбөрийг бид хасах ёстой юу? үгүй юу гэдэг л асуудал. Нөөц гэдэг утгаараа бид уг нь бол богино хугацаат өр төлбөрийг хасах нь зөв байхгүй юу. Сарын дотор эсвэл 3 сарын дотор төлөгдөөд алга болчих мөнгийг би өнөөдөр нөөц гэж мэдээлэх буруу шүү дээ. Оны эцэст манай санхүүгийнхан тайлан балансыг гоё харагдуулах бичигдээгүй зорилго үргэлж байж ирсэн. Төв банканд олон жил хуримтлагдсан 7 их наядын алдагдал бий. Үе үе УИХ дээр яригддаг. Энэ алдагдлыг УИХ Засгийн газраар бонд гаргуулах замаар шийдүүлнэ гэсэн заалт бий. Гэвч дээрх заалт манайд огт хэрэгждэггүй. 2011 онд шиг санаж байна, тухайн үеийн төв банкны Ерөнхийлөгч Пүрэвдорж төв банкны алдагдлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гээд их хуралд оруулж ирж байсан. Тэр үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаад улсын төсвөөс шийдэх бололцоогүй учраас шийдэхгүй гээд орхисон. Ахин энэ асуудлыг шийдэх тухай хурал болоогүй. Өнгөрсөн жил ахин асуудал босож ирэхэд сангийн сайд ийм заалт байх нь байдаг ч төсвөөс шийдэх бололцоогүй гэдэг тайлбар өгч байсан. Үүнээс хойш төв банк алдагдлаа өөрсдөө зохицуулахаар ажиллах болсон. 2025 онд баланс нь бага зэрэг ашигтай гарсан. 2026 оны гүйцэтгэлээр ч ашигтай гарах болов уу гэж харж байгаа. Инфляц олон жилийн суурь өвчин маягийн шинж рүүгээ орчихсон. Албаныхан инфляцийг аажим бууруулах гэж оролдож байгаа. Гэхдээ дээрх оролдлого хэцүү байдаг. Цаашид ч нэлээн хэдэн жил 10 орчим хувийн инфляцтай үргэлжилж магадгүй дүр зураг ажиглагдаж байгаа. Бодит эдийн засаг, санхүүгийн сектор хоёр бие биенээ тэжээж өгдөггүй энэ тогтолцоо цаашаа үргэлжлэх магадлалтай байна.
Сүүлийн жилүүдэд валютын нөөц, зээлжих зэрэглэл зэрэгт их ач холбогдол өгч ирсэн. 2020 оноос хойш эрчимтэйгээр түүхий эдийн үнэ ямарч байсан хамаагүй экспортлоод байя гэдэг зарчмаар ажиллаж ирлээ. Түүхий эдийн энэ урсгал ингэж их хэмжээгээр гарч байхад валютын орж ирэх урсгал сайжрах нь ойлгомжтой. Валютын нөөц сайн байх нь нэг талаас харахад ололт мөн үү гэвэл мөн.
Гэхдээ өнөө маргаашгүй аваад хэрэглэчих мөнгө биш. Бүгдээрээ улсын мөнгө ч биш. Одоогийн байдлаар манай улсын эдийн засгийн эргэлтэд байгаа л мөнгө.
Валютын нөөц яагаад эдийн засгийн чухал үзүүлэлтэд тооцогддог вэ гэхээр валютын орох урсгал гэнэт хумигдах ч гэдэг юм уу эдийн засгийн элдэв эрсдэл шокоос сэргийлэхэд ач холбогдолтой. Ханшийн шок, ханшийн огцом хэлбэлзэлд орохгүй байхад валютын нөөц чухал үзүүлэлт болдог. Сүүлийн жилүүдийн хувьд ганц нэг амжилттай үзүүлэлтийн нэг валютын нөөц учраас үүнийг ач холбогдол өгч зарладаг болов уу? Олон улсын валютын сангийн зүгээс валютын нөөцөд ирээдүйн өв сангийн мөнгө багтах ёсгүйг байнга сануулдаг. Ер нь ч ирээдүйн өв сангийн мөнгө шууд хэрэглэх боломжтой бэлэн доллар угаасаа биш. Тэгээд ч бид 2030 он хүртэл тэр мөнгөө түгжээд урт хугацаатай хөрөнгө оруулалт руу хийчихсэн байгаа шүү дээ.
– Бизнес эрхлэхэд хамгийн ээлгүй нөхцөл Монголд бүрдээд байна гээд байдаг. Татварын бодлоготой холбоотой юу?
-Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээсээ даруй 2 дахин их байгааг харуулсан байна лээ. Энэ тоог харвал Монголд бизнес эхлэх амархан, харин бизнес явуулахад хэцүү байгааг хэлээд байгаа хэрэг шүү дээ. Шалтгааныг нь хүмүүс татвартай холбон тайлбарлаад байдаг. Гэтэл бизнес эрхлэгчдийн зүгээс өөрсдөө татвараас шал өөр өөр шалтгаануудыг эхний ээлжид эрэмбэлж байна. Нэгдүгээрт бодлогын тодорхой бус байдал, хоёрдугаарт зээлийн хүүг татвараас илүү хүнд байна гэж хариулж байна, авлигын асуудал татвараас илүү хүнд байна гэдэг. Бизнес эрхлэгчдийн зүгээс татварыг 6 дахь тээг саад хэмээн нэрлэж байна. Бид буцаад л татвараа тойроод л эргэлдээд яриад байгаа. 2026 ондоо ч татвараа л тойроод яриад байх бололтой.
-УИХ-ын дарга эдийн засгийг эрчимжүүлэх 300 хоногийн асуудал гаргаж ирээд байсан. Уг нь засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажлын урдуур парламент ороод байна уу гэж анзаараад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-УИХ эдийн засгийг эрчимжүүлэх чиг үүрэгтэй байгууллага биш. Бид нэн тэргүүнд манай эдийн засаг яагаад ийм байдалд орсон талаар бид эргэцүүлэх учиртай. Эдийн засгаа сэргээх аргаа сайн олохгүй л байна. Эдийн засгийн эрх чөлөөний хуультай болъё гээд хүртэл ярьж байх жишээтэй. Янз бүрийн зүйлсээр оролдсоор л байна.
– Төрийн өмчийг хэсэгчлэн хувьчлах асуудал яригдаж байна. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
– Бид 1996 он луу буцсан зүйлс эргээд яриад эхэлж байна. Төрийн өмчөө хувьчлах гээд. Буцаад л эдийн засгийн бүтцээ ахиад нэг хөдөлгөх гээд байна шүү дээ. Мэдээж энэ ажлаа судалгаатай бөгөөд дорвитой хийж чадвал амжилт авчрах бололцоо бий. Гэхдээ үр дүн нь ойрын 10 жилдээ гарна. Хэрвээ бид одоогийн байдлаараа яваад байвал иймэрхүү маягийн төлөвтэй нэлээд удах болов уу л гэж харагдаад байна. Хэсэгчлээд хувьчилсан төрийн өмчийн жишээ цөөнгүй бий. Монгол шуудан гэх мэт. Дийлэнх хувьцаа нь төрийн өмч. Бага хувьцаа нь хувийн хэвшилд байдаг. Тэр жишээнүүдийг харахад ашигтай ажиллаж байгаа байгууллага бараг байхгүй. Засаглал нь гол хувьцааг эзэмшигч гэдэг утгаараа төрөөс тавигддаг. Нээлттэй болговол засаглал сайжирна гэж яриад байдаг. Хятадууд ч гэсэн төрийн өмчүүдээ хувьчилж үзсэн байдаг. Нээлттэй болгосон эхний жилүүддээ бүтээмж нь муудсан түүхтэй. Уламжлалт тогтолцоог өөрчилж шинэчлэл оруулахад заавал шилжилтийн үе гарна гэдгийг заавал тооцоолох ёстой юм билээ. Одоо Монголчууд энэ удаагийн хувьчлал дээрээ баланс тооцоогоо сайн харж тооцоолоосой л гэж хүсэж байна.

Миний баримжаагаар бол төрийн өмчийн байгууллагын дийлэнх хувийг төрд үлдээгээд бага хэсгийг хувьчилна гэдэг хувьчлахгүй байгаагаасаа зөв шийдвэр болж чадна гэж бодохгүй л байна.
-Төсөв боловсруулсан нь засгийн газар. Баталдаг нь УИХ. Төсөв хэт тэлсний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
-Засгийн газар боловсруулсан. УИХ баталдаг. Манай логикоор бол УИХ-ын гишүүд их мундаг нөхдүүд байх ёстой юм шиг байгаа юм. Эцсийн шийдвэрийг парламент гаргаж байна. Их хурлын гишүүд тангараг өргөнгүүтээ мундаг болчихно гэсэн үг биш. Тангараг өргөнгүүтээ өөрийн хувийн, намын эрх ашгаа орхиод улс орны эрх ашгийн төлөө зүтгээд байх бололцоотой юу гэдгийг бид ухаарах ёстой. Үгүй л байгаа байхгүй юу. Манай үндсэн хуулийн концефцоор бол УИХ-ын гишүүд тангараг өргөснийхөө маргаашнаас эхлээд чин шударгаар улс орны эрх ашгийн төлөө зүтгэдэг болчих юм шиг хуульчилчихсан байгаа юм. 126 гишүүн хэт их эрх мэдэлтэй. 4-5 удаагийн хэлэлцүүлгээр төсөв батлахдаа парламентын гишүүд тойрогтоо мөнгө төгрөг оруулаад л бөөн юм болсон доо. Товчхондоо Монгол улсын төсөв эдийн засаг хэрэглэгдэхүүн биш улс төрийн зорилгоор маш жил ашиглагдаж ирсэн. Баахан зарчмын зөрүүтэй санал гаргаж ирээд л зарим нь гомдоод л. Төсвийн байнгын хороо хайрцаглаад явчихсан. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол сангийн сайд хүртэл энэ миний оруулж ирсэн төсөв биш боллоо гэж хэлсэн шүү. Уг нь төсвийн эрх мэдэл дефакто засгийн газрын эрх мэдэл боловч УИХ оролцоотой л байна.
-Төв банк бодлогын хүүгээ удаан хугацаанд өөрчилсөнгүй. Тэгээд өөрчлөөгүй гэдгээ байнга зарлах юм. Юу ч хийгээгүй гэдгээ зарлаад ч байгаа юм шиг их сонин санагдаад байдаг л даа?
-Инфляцтай холбоотой сэдэв. Яагаад инфляц их байгаа юм бол гэдэгт анхаарал хандуулах ёстой. Урьдчилсан таамгаар бодлогын хүүгээ чангаруулна эсвэл хэвээр нь үлдээх л сонголт байгаа. Манай эдийн засаг яагаад юм л түймэр гарчих гээд байдаг ийм эмзэг болчихсон юм бэ гэдгийг бодолцох ёстой. Монголбанкны зүгээс төсөв хэтэрхий том байгааг хэлдэг. Сүүлийн жилүүдэд төсөв хумих тал руугаа явж байна. Бид өнгөрсөн хугацаанд эрэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж ирсэн. Харин нийлүүлэлтээ огт дэмжээгүй. Манай төрийн зовлон халамж суурьтай төрийн загвар, зах зээлжих бодлогын дунд гацчихсан. Халамж суурьтай төрийн загвар өөрөө их өндөр зардалтай. Байнга халамжилна, тойглоно. Бид халамж суурьтай төрийн загварыг зөв хуулж чадаагүй учраас дундаж давхаргаа үүсгэж чадаагүй гэсэн үг. Бусад дээрх загвараар явсан улс орнуудад хөдөлмөр эрхлэлт нь нэмэгдээд дундаж давхаргаа баталгаатай болгож бэхжүүлсэн байдаг. Гэтэл манай улсад хөдөлмөр эрхлэлт нэмэгдээгүй царцчихсан. Ингээд дундаж давхарга үүсээгүй.
-Монгол улсад тэгвэл одоо хөгжлийн ямар гарц байна вэ?
-Бидэнд хөгжих хэрэгцээ бий. Аж үйлдвэрийн хөгжлийн хувьсгалыг 40-50 жилийн өмнө дэлхийн олон улс туулаад хөгжчихсөн. Зам гүүр, үйлдвэр байгуулах гээд л Бид гэтэл зэс хайлуулах үйлдвэр хэчнээн ч жил ярьж байна. Нефть химийн үйлдвэртэй болох гээд хэдэн жил ч зүдэрч байгаа юм. Бодлогын шийдлээ зөв олж барьж явж чадаагүйгээс л бид өнөөдрийн гацаанд орчихсон. Өмнөд Солонгос гэхэд 30 жил мачийгаад л хөгжчихсөн. Гэхдээ 30 жил гэдэг урт хугацаа. Хүний амьдралын бүтэн үе. 1 үе мачийгаад хөгжчихвөл болж л байна шүү дээ. Аж үйлдвэрийн хувьсгал тухайн үедээ маш олон оронд олон том боломжуудыг олгож байсан байгаа юм. Баруун европын улс орнууд аж үйлдвэрийн хувьсгал гарч байх үед буурай хөгжилтэй байсан. Одоо бидний нүдэн дээр мэдээллийн технологийн хувьсгал өрнөж байна. Өдөр тутам шинэ роботууд үүсээд л бүгд агаараар өрнөж байгаа. Манай улс шиг зам дэд бүтэц муутай, харилцаа холбооны хувьд тусгаарлагдсан улсын хувьд аж үйлдвэрийн хувьсгалаас ашиг шим хүртэж чадсангүй. Харин агаараар өрнөж байгаа мэдээллийн технологийн хувьсгал бидэнд цоо шинэ боломж олгож байгааг олж харж ашиглах ёстой.
Цаг хугацааны хувьд бид азтай цаг үед байна. Цоо шинэ хувьсгалын гарц боломж бидэнд нээлттэй байна шүү дээ. Энэ боломжийг уул уурхайн түүхий эдтэйгээ ч холбож болохоор байна.
Өнгөрсөн жил алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж ярьж байсан. Гэтэл мөнгө алтнаас ч илүү өссөн байгаа юм. Мөнгө өмнө нь эрэлттэй метал байгаагүй. Газрын ховор элементийг дагаад мөнгөний үнэ өсөж байна. Зэс цахилгаан дамжуулдаг хэдий ч мөнгө зэснээс ч илүү цахилгаан дамжуулдаг болох нь нотлогдсон. Нарны зайн хураагуурууд бүгд мөнгө ашигладаг. Шинэ эдийн засгийн хувьсгал бидэнд экспортын хувьд ч цоо шинэ боломжийг бүрдүүлж өгч байна шүү дээ.
-Та төрөөс эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг юу гэж дүгнэдэг вэ?
-Хувийн бодлоо илэрхийлэхэд одоогийн эрх баригчид буюу 1970-аад оныхныг би эдийн засгийн хөгжлийн гарц олгох дайны боловсрол эзэмшсэн улс мөн эсэх талаас анзаараасай гэж боддог. 1990 онд 20 настай байсан хүмүүс тухайн үед их дээд сургуулиас боловсрол эзэмшсэн хүмүүс улс төрийн туршлагаар бол арвин байх. Харин яг эдийн засгийн боловсрол эзэмших боломж хэр зэрэг байсныг эргэн санавал яг оновчтой эдийн засгийн шийдэл олж чадах хүмүүс мөн үү биш үү?
Түүнчлэн одоогийн төрийн эрхийг барьж байгаа нам эдийн засгийн реформ, шинэчлэл хийж чаддаггүй гэдэг асуудлыг олон нийтийн зүгээс шүүмжилсээр ирсэн байдаг. Зарим нэр бүхий хүмүүс тухайлбал М.Энхсайханы ном бий. Социализмаас капитализм руу гээд нэртэй. 1996 онд эдийн засгийн реформуудыг хэрхэн хийж байсан талаар дурдсан байна лээ. Хүн өөрийнхөө түүхийг өөрөө бичихээр янз бүрээр бичих л байх. Гэхдээ түүх болохоор голтой л байгаа болов уу. Тэндээс харахад 2 реформ хийх гэж үзсэн байна. Эдийн засгийн реформ, төрийн захиргааны суурь реформ хийх гэж үзсэн байгаа юм. Төрийн захиргааны суурь реформоо хийхдээ Шинэ зеландыг дууриах гэж оролдсон байдаг. Сүүлд нь тус улсын экспертүүд ирж хараад Монголчууд Шинэ зеландыг дууриаж чадаагүй байна гэж дүгнэсэн шүү дээ. Эдийн засгийн суурь реформ хийхдээ худалдааг чөлөөлөх, өмчөө хувьчлах гэдэг зүйлсийг хийсэн.
-Иргэдийн амьдрал амаргүй байна. Гэвч эрх баригчид эдийн засаг сайн байгаа мэт тайлбар хийгээд явах юм? Бидний нөхцөл яг ямархуу байгааг та эдийн засагч хүний хувиар тайлбарлаж өгөөч?
– Дунд орлогын хавх гэж ойлголт бий. Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг дэлхийн хөгжлийн репортод 2024 онд дунд орлогын хавхны тухай тодорхой бичсэн. Олон орны хувьд 1 хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган долларт хүргэх гайгүй байдаг. Яаж ийж мөлхөж байгаад хүргэчихээд тэндээ гацчихдаг. 10 мянган доллараа даваад 1 хүнд ногдох ДНБ-ээ 20-30 мянган долларт хүргэсэн улс орон тун цөөхөн байдаг. Эдийн засгийн суурь бүтцээ зөв угсарч чадвал 10 мянган долларын босгоо цөм цохиод хөгжөөд явчихдаг. Харин мөлхсөөр байж арай ядан 1 хүнд ногдох ДНБ-ээ 10 мянгад хүргэсэн бол тэндээ гацчихдаг жишиг бий. Монгол улсын хувьд 10 мянгад арай ч хүрээгүй байна. Гэхдээ бид одоогийнхоо эдийн засгийн бодлогоороо явбал хөгжингүй орон болно гэдэг маш хол харагдаж байгаа байхгүй юу. Одоогийнхоосоо илүү зоримог шийдвэрүүдийг л гаргах шаардлагатай.
-Бидэнд цаг гаргасанд баярлалаа.
