БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа шаардлагагүй үед цэргийн онц байдал зарласан гэж Юн Сок Ёлыг буруутган, гэм бурууг нь шүүх эхний хурал өнөөдөр боллоо. Тэрбээр шүүхийн мөрдөн байцаах явцыг саатуулах гэж оролдсон хэргээр 5 жил хорих ял сонсов. Прокуроруудын баг Юн Сок Ёлд мөрдөн байцаах үйл явцад саад болох гэж оролдсон болон бусад зүйл ангиар 10 жил хорих ял оноохыг шүүхэд зөвлөсөн байв.
Юн Сок Ёл өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Ерөнхийлөгчийг хамгаалах албанд тушаал өгч, өөрийг нь саатуулах гэсэн мөрдөн байцаагчдын ажлыг тасалдуулсан хэрэгт түүнийг буруутгажээ. Мөн цэргийн онц байдал зарлах баримт бичиг боловсруулж, онц байдлыг цуцалсны дараа устгасан гэж буруутгасан байна. Шүүх хурлыг шууд дамжуулсан аж. Шүүгч Бэк Дэ Хюн “Юн Сок Ёл хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй” гэж шүүх хурлын үеэр хэлжээ.
Юн Сок Ёлыг цэргийн бослого гаргах гэсэн гэх өөр нэг эрүүгийн хэрэгт бас яллаж буй. Прокурорууд түүнд тус хэргийнх нь төлөө цаазаар авах ял оноохоор төлөвлөсөн юм. Юн Сок Ёлд цэргийн бослого гаргах гэсэн хэргээр ял оноох шүүх хурлыг 2-р сарын 19-нд товлосон байна.
